Аялал жуулчлалын салбарыг амь оруулаач сайд аа
2013/06/21
Аливаа улс үндэстэн бусдын өмнө гайхуулах өнгө үзэмж, өөрийн гоо сайхнаараа хүн төрөлхтнийг хийгээд дэлхийн сая сая жуулчдын анхаарлыг татдаг.
Тэгвэл эдийн засаг хийгээд уул уурхай, ашигт малтмал, мал аж ахуй, нүүдэлчдийн соёл, өнө мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан гэх мэт эрт эдүгээгийн түүх, оршлоороо бид гадна дотныхонд гоё харагдах болсныг энэ цагийн ардчилагчид ам нээх бүртээ сайрахдаг. Тэгвэл Монгол өнгө зүс нэмэгдэхийн хэрээр манайдаа л мартагдаж байна уу даа гэж харагдах болсон ганц турь муутайхан салбар нь аялал жуулчлал боллоо.
Угтаа бол аливаа бондоос ч дутахааргүй мөнгө босгох боломжтой салбар нь энэ баймаар. Гэтэл өнөөдөр ус нутгуудаар бүү хэл Улаанбаатарын гудамжнаа ховорхон харагдах болсон гадны жуулчдын монголыг зорих замд хөл хорио тогтоов уу гэмээр болжээ, салбарын сайд аа. Зуун ямаанд жаран ухна гэгчээр манайх салбар бүртээ шахуу яамтай болж яамыг толгойлсон сайд, дарга, мэргэжилтэн, байцаагч гээд байж болох бүхий л албан тушаалтнууд өөрийн өрөө, ширээндээ тухалцгаадаг. Тэгвэл яг үнэндээ энэ салбарынхан гол ажлаа мартаад хэт хэлбэр хөөгөөд байна уу даа гэж харагдаад болдоггүй ээ.
Салбарын сайд нь сонгууль угтсан шоунд ажлынхаа цөм цагийг зарцуулж буй нь олны нүднээ хэт ил байна. Батаар, Батаар хэмээн ажлаа авсан цагаасаа шахуу л ярьж олны анхаарлыг Ц.Оюунгэрэл авхай өөр дээрээ хэсэг тогтоов. Түүний энэ үйлдэл сонгуулийн сурталчилгааны шанг бараг л татчихсан гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Ц.Оюунгэрэл сайд аа, одоо тогтож хайрлавал ямар вэ. Дотоод гадаадын үүргэвчтэй аялагчдыг бизнесийнхэнд гоё харагдаад байгаа замаар даллавал яасан юм бэ. Салбар чинь үнэндээ элэгээрээ мөлхлөө шүү дээ. Танд тэгж харагдахгүй байна гэж үү. Орон гэр, ах дүү, найз нөхдөөрөө амралтын газар төдийхөн бараадаж түүнийгээ зугаалж, аялаж байна гэж ойлгодог ядмагхан бодлого энэ том салбараас ашиг олоход нөлөөлөхгүй ээ. Угтаа бол бидэнд боломж бий. Энэ салбарыг эрийн цээнд хүргэх нөхцөл ч бий. Тийм агаар, ус, хөрс шороо хангалттай. Тийм атал яагаад жилээс жилд манайхыг зорих аялагчдын тоо ахихгүй байна вэ. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг ёс тээр доор хаягдчихсаны хар гай юу хаалгыг нь нээж өрхийг нь татах айл гэрийнх нь гэргий хэт эзгүйдээд үү, нэг л урагшлахгүй байна, танай салбар.
Яг үнэндээ уулын ам эзэгнэсэн цөөн хэдхэн хүний амралтын газраас өөр гадныхан гэж том дуугараад яах вэ, дотоодын иргэдэд аялах, жуулчлах таатай нөхцөл боломж бүрдсэнгүй ээ. Өнгөтэй, нэртэй цөөхөн газар нь тохижуулж хөгжүүлсэн бүтээн байгуулалтгүй ёстой л бор зүрхээрээ гэдэг шиг байгалийнхаа жам ёсоор л өөрийгөө дэлгэсээр. Гэтэл энүүхэн хажууд байх хоёр том гүрний зам, барилга, ногоон байгууламж, хаяг, шошго, замын тэмдэг тэмдэглэгээ хүртэл гадныханд бүрэн зориулагдсан байгаа нь том шифи болмоор.
Бээжинд л гэхэд 13-15 сая уугуул иргэд дээр 4-6 сая орчим жуулчид энэ хотынхныг тийн завгүй байлгадаг гэдэг юм билээ. Энэ бол зүгээр л ганц хотын жишээ. Бээжинг Бээжин болгож харагдуулаад байгаа онцлогийг хөршүүд бий болгож чадсан нь өдгөө Хятадыг дэлхийн тавцанд гаргаж байгаа гэх юм билээ.
Гэтэл монголыг Монгол болгож харагдуулах бүхэн улам бүр бүдгэрч биднийг гадныхан баялгийн хараалд өртсөн уул уурхай, цөмийн хаягдлын бүс мэтээр харах шинжтэй боллоо. Ази, ч биш европ ч биш нүүдэлчин Монгол бол бүүр ч биш хэв шинжтэй болж хүүхэд багачууд нь эх хэл, бичгээрээ хугас харилцдаг, хүн зон нь зоос, алтны эрэлд мордчихсон, төрийнхөн нь авлигад идэгдчихсэн, эхнээсээ аавын хаалга татсан, чоно борооноор гэгчээр монголд ийм л цагийн чөлөөнд хайр зарлаж найр тавих харийнхан элбэгшиж байгаа нь манай соёл, хийгээд аялал жуулчлалын хэв шинжтэй бүхнийг бүдгэрүүлж нүүрс, алтнаас өөр нүд хужирлаж сэтгэл баясгах бүтээн байгуулалтгүй мэт энэ салбарыг хар аяндаа баллуурдаж байна. Тэгэхээр сайд аа, нийслэлийн гудамжийг эрээн даавуу шиг харагдуулах энэ олон хаягийг ядаж цэгцэлье. Үүнээс л ажил чинь эхэлнэ биш гэж үү.
Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Тэгэхээр шулуухан хэлэхэд Оюунгэрэл хатагтайд салбар нь хэт томдоод байна уу сонгуулийн ажилд сатаараад гүйнэ үү. Юутай ч аялал жуулчлалын салбарт амь оруулахгүй бол гадныхан битгий хэл дотоодын жуулчлагчдад алхах газар ховордож эхэллээ.
Энэ салбарт дэлхийн дэвжээнд Монголын сайн сайхан, гоо үзэсгэлэнг таниулах толгой үгүйлэгдээд байна уу гэх бодол өөрийн эрхгүй цээжинд хөндүүрлэнэм.
М.Мөнхтунгалаг
moldova news · 2013/07/12
xaxfOr Im obliged for the post. Much obliged.
news · 2013/07/09
ZVbgmo Great, thanks for ***ring this blog. Great.
Зочин · 2013/06/23
UGN GAZARAA BISH GAZAR DEERHEE HOGJUULJ MONGO OLOY GEJ......HEDHEEN JILIIN OMNO HUTSDAG BAIJ DEEE ONGORSON HORBOO GEJ............
Зочин · 2013/06/22
Unen shuu!