Би яавал дээр вэ, туслаач хүмүүсээ… /2/
2013/06/21
Сэтгэл гэж сэмэрхий даавуу шиг л байна даа, чааваас. Би энэ сайтыг их уншдаг одоогоос 6 сарын өмнө Би яавал дээр вэ, туслаач хүмүүсээ гэсэн захидал бичиж байсан юм.
Ганцаардсан надад танихгүй ч гэсэн сэтгэлээсээ хандаж бичсэн комментууд үнэхээр их сэтгэлийн дэм өгсөн. 1 сар дөнгөн данган хүрж байсан жирэмсэн намайг найз залуу маань хаяад өөр хүнтэй болсон гэж хээв нэг хэлээд хаяад явж байлаа. Жирэмсэн болсон гэдгээ хэлээд чи бид 2-ын хүсч байсан хүүхэд шүү дээ гэхэд заа би орой ирье гэж хэлчихээд л тэрнээс хойш 6 сар утсаа ч авахгүй, хүний урманд ганц мессеж ч бичихгүй алга болсон доо хөөрхий. Би хүүхдээ гаргахаар шийдсэн, угаасаа авахуулна гэж бодоо ч үгүй. Одоо 6 сартай саяхан эход харуулахад эрэгтэй хүүхэд байна, одоо даахи нь ургаж байна гэсэн хэхэ бодохоор хайр хүрмээр. Одоо үрээ л тэсэн ядан хүлээж байна. Жирэмсэн болохоор тэгээд байгаамуу, ганцаараа болохоор тэгээд байгаамуу аль нь боловч хааяа сэтгэлээр их унах юмаа. Гудамжаар хүүхдээ тэврээд явж байгаа хосууд, аавуудыг харахаар л өөрийн эрхгүй нулимс бөмбөрөөд л өөрийхөө хувь заяагүйд дургүй хүрээд хөөрхий үрээ бодохоорл гол харлаад явчихна. Заримдаа ч өөрөөсөө ичдэгийн, тэнэг юм шиг хаа ч явсан хүн амьтны хажууд ч байсан уйлаад байгаагаа бодохоор. Саяхан ажлаа тараад харих санаатай автобусанд суугаад явж байгаад бас л хүүхэдтэйгээ явж байгаа хосыг хараад нулимс цийлэгнээд, нуух тусам улам урсаад л байлаа. Тэгсэн миний өөдөөс хараад сууж байсан настайвтар нэг ах /шил лааз цуглуулдаг ядруухан ах/ буухдаа над руу хараад “миний хүү яах гэж тэгдгийм дээ, үр нь гомдоно байгаа даа” гэж хэлчихээд буугаад яваад өгсөн. Би ч тэр автобуснаас үсрээд л буумаар санагдсан. Тэр ахын над руу харж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Танихгүй хүн хүртэл миний төлөө санаа тавьж сайхан үг хэлж байхад, өөрөөсөө илүү хайрласан үрийг нь тээж байгаа намайг яалаа гэж ингээд хаяад явчихав даа гэж гомдож бас л баахан усан нүдэлсэн. Хүүхэд эхийхээ сэтгэл хөдлөлийн байдлыг их сайн мэдэрдэг гэж энд тэндээс уншиж байсан болохоор уг нь их л хичээх юм, даанч санасны зоргоор болохгүй юм. Заримдаа ч заа ямар үхэл хагацал өвчин зовлон тохиолдоод өр ширэнд баригдсан биш, энүүхнээс болоод ингэтлээ өөрийгөө зовоох хэрэг юу байсын, хүүгээ гаргаад л үртэй хүний жаргалыг эдэлж сайхан амьдаръя гэж өөрөө өөрийгөө зоригжуулж, дэм өгдөгийн хэхэ. Эцэг эх маань амьд сэрүүн байхад өрөнд орсон хятад шиг ингээд л толгой гудайлгаад усан нүдэлж яваад яах юм, жаргал зовлон сүлэлддэг хорвоо юм чинь өнөө хэцүү байхад маргааш сайхан өдөр ирж л таараа гэж бодно, тэгэхээр сайхан уужраад л явчихна. Хүнээ буруу таньж, итгэл даахгүй хүнд өөрөөсөө илүү итгэж байсан нь миний л буруу болохоор тэр хүнийг би уучилсаан. Аз жаргал хүсээд л явуулсан. Мэдээж хэрэг надад бас их л буруу зөрүү юм байсан болоод л хаяад явсан байлгүй дээ. Надаас илүү ухаантайхан арчаатайхан хүн байсан бол харан байж байгаад өөр хүүхэнд өгөөд явуулахгүй л байсан байлгүй гэж их бодно. Ингээд бичсэн чинь сэтгэл санаа их хөнгөрөөд сайхан болоод явчихлаа. Би юу хэлэх гэсэн юм бэ одоо миний үеийн надаас дүү охидууд ч тэр /би 25-тай/ та нар минь хүнээ сайн таньж байж дараа дараагийхаа асуудлуудыг шийдэж байгаарай л гэж хэлмээр санагдаад байгаа юм. Ер нь өөрийгөө хайрлаж сураагүй хүн хэзээ ч хэн нэгнийг хайрлаж чадахгүй юм байна гэдгийг их сайн ойлгоод байгаа. Хаясан хаягдсан салсан сарнисан байлаа ч охидууд минь сэтгэлийн тэнхээтэй байгаарай.. Цаг гаргаж уншсан танд баярлалаа. Монголын үрс маш олон болог.