Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Баярцэцэгийг томилоод буй.
Тэрбээр эл эмнэлгийг удирдаад бүтэн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хэдийгээр энэ хүнээр удирдуулснаар эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч гэмт хэрэг үйлдсэн этгээд бүхэл бүтэн байгууллага удирдаж байгаа нь хэр зүйд нийцсэн асуудал вэ гэдэгт гайхаж, эргэлзэх хүн олон байна. Тэр дундаа эл эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батчулуун салбарын сайдын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр үндэслэлгүйгээр, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Харин түүний эл гомдлыг энэ долоо хоногт шүүх шийдвэрлэх гэж байна. Энэ үеэр Н.Удвал сайдын нүдээ олоогүй шийдвэрийн үрээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоод буй Л.Баярцэцэгийн асуудал ч мөн сөхөгдөх бололтой. Хэд хэдэн эмнэлгийн даргыг өөрчилснийхөө дараа зарим нэгийнх нь хууль бус үйлдэл ил болоод эхлэхээр Н.Удвал сайд “Энэ талаар мэдээгүй, хэрэгт түвэгт орооцолдсон нь шүүхээр тогтоогдвол өөрчилнө” гэсэн ч ахыгаа хэргээс мултлахын тулд тодорхой гэмт үйлдэл хийсэн этгээд Н.П.Шастины нэрэмжит төв эмнэлгийг бүтэн сар гаруйн хугацаанд удирдчихаад байна. Гэмт хэрэг үйлдэж, өвчний түүх хүртэл өөрчилсөн “зоригтой” эмэгтэйд бүхэл бүтэн нэг эмнэлгээ даалгаж, орхичихоод салбарын сайд нь өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ухаан сөхөөгүй явна. Гэтэл түүнийг ийнхүү дээгүүр сэвж явах зуур өнөөх хуудуутай даргын хууль бус үйл ажиллагаа үргэлжилж буйг үгүйсгэх аргагүй юм. Нөгөөтэйгүүр ЭМЯ ч бас энэ асуудалд анхаарал хандуулах учиртай. Энхийн манаанд нүд цавчилгүй зогсох тангарагтай цагаан халаадтануудын хэргийг салбар яам энэ мэтээр дарсаар байвал асуудал даамжирч, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарахгүй гэх баталгаа алга. Сайд нь ч яахав нэр дэвшээд завгүй явдаг байж. Гэтэл яамны дэд сайдаас өгсүүлээд зохих удирдлагууд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнээр нэг эмнэлгээ удирдуулчихаад нүдэн балай чихэн дүлий оргиод сууж байгааг юу гэж ойлгох вэ. Эс бөгөөс Л.Баярцэцэгийн хийсэн хэргээ баллах башир арга даргын суудалд ингэж бат суулгачихав уу. Ямартаа ч эрүүгийн хэрэгтэн эмнэлгийн даргыг суудалд хэр удаан тухлахыг та бид харах л үлдлээ. Л.Баярцэцэгийн хувьд өмнө нь тус эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад ийнхүү даргын суудалд тухалсан юм. Гэтэл түүнийг энэ зөөлөн суудалд тухлахаас хэдхэн хоногийн өмнө нийслэлийн прокурорын газраас тодорхой үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд Л.Баярцэцэг нь хүнд гэмт хэрэг үйлдсэн төрсөн дүүгээ ял эдлэхээс хамгаалж, өвчний түүхийг нь өөрчилсөн хэрэг үйлдсэнийг хууль хяналтын байгууллага илрүүлсэн юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 126.2- т заасан хүчингийн хэрэгт холбогдсон Л.Батмөнх гэгч нь 461 дүгээр ангид хоригдож байгаад хүнд өвчтэй гэсэн үндэслэлээр гуравдугаар шатлалын эмнэлэг буюу Нэгдсэн III эмнэлэгт хэвтсэн байдаг. Гэтэл энэ хүний шинжилгээний дүгнэлтийг өвчний учир ялаас чөлөөлөх жагсаалтад хамаарах өвчний оношид тохируулан санаатай өөрчилсөн ноцтой асуудал гарсан юм.
Энэ асуудалд Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн орлогч дарга Л.Баярцэцэг, эмч А.Баярзаяа нар холбогдсон бөгөөд эдгээр хүмүүст Эрүүгийн хуулийн 245.2, 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Түүнчлэн Л.Батмөнх нь гуравдугаар эмнэлгийн орлогч дарга Л.Баярцэцэгийн төрсөн дүү болох нь мөрдөн байцаатын явцад тогтоогдсон байдаг. Ийнхүү эрүүгийн хэрэгт татагдсан эмнэлгийн даргын асуудал удахгүй нэг тийш болох бололтой.
 
М.ӨНӨРЖАРГАЛ