Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 22-ны 17:00 цагт “Бэлх” худалдааны төвд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ “Нэр дэвшигч маань Монгол Улсынхаа бүх аймаг, сум, хот, дүүргээр явж, иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Ийнхүү сонгуулийн сурталчилгааны ажил шувтарч, хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийнхээ иргэдтэй уулзахаар ирээд байна” хэмээв. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажил, амжилт бүтээлийн талаар дурдаж, өгсөн амлалтаа хэрхэн биелүүлэн улс орондоо өөрчлөлт шинэчлэл авчирч чадсаныг онцоллоо.
 
 
Дараа нь УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладгийг би мэднэ. Ажил хийж чаддаг улстөрч цөөрсөн өнөө үед энэ хүн монголчуудад хамгийн хэрэгтэй. Ийм учраас ардаа хийсэн ажилтай, өмнөө төлөвлөсөн зорилготой, тавьсан зорилгодоо хүрч чадах Ерөнхийлөгчөө дэмжье хэмээн та бүхнээс уриалж байна. Төрийн жолоог атгахад туршлага үнэхээр хэрэгтэй. Монголын төрийг үеийн үед туршлагатай хүмүүс тэргүүлж байсан. Монголын тухай сайн, муу алиныг ч мэддэг хүнийг бид сонгодог байсан юм. Энэ удаа ч гэсэн бид энэ уламжлалыг алдаж болохгүй” хэмээв.
 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн хэлсэн үгэндээ нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн авлигын эсрэг хийсэн тэмцэл өнөөдөр үр дүнгээ өгч, нийгэм эдийн засаг эрүүлжин ард түмний ашиг орлого эрс нэмэгдсэнийг онцоллоо.
 
 
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр их сайхан бэлэгдэлтэй өдөр тохиож байна. Бид энэ сонгуулиар улс даяар нийт 160 гаруй уулзалт хийжээ. Харин энэ удаагийн уулзалтаар миний сонгуулийн кампанит ажил шувтарч, маргааш Сүхбаатарын талбайд өдрийн 11:00 цагаас хаалтын уулзалт болно.
Бид 20 гаруй жил улс төрд их туршлага хуримтлууллаа. Та бүхэн ч хангалттай туршлага суусан. Би хувьдаа та бүхний өсгөсөн хүүхэд гэж өөрийгөө боддог. Учир нь та бүхэн намайг дэмжиж улс төрд оруулсан шүү дээ. Тийм учраас өсгөсөн хүүхэддээ итгэдэг шигээ надад итгээрэй гэж хэлье. Харин би та бүхний итгэлийг дааж, ачийг тань хариулах болно” гэв.
Сүхбаатар дүүргийн иргэд нэр дэвшигчийг дэмжихээ амлаж, сонгуулийн ажилд нь амжилт хүсэн үдэв.