МОНЦАМЭ агентлаг хэвлэлийн зах зээлд хоёр бүтээгдэхүүнээ гаргалаа
2013/02/07
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хэвлэлийн зах зээлд "МОНЦАМЭ тойм" сэтгүүл, "Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомог гэсэн хоёр бүтээгдэхүүнийг шинээр гаргалаа.
МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, орлогч дарга Б.Номинчимэд, Фото мэдээллийн "Inet.mn" сайтын эрхлэгч Ц.Батбаатар нар өнөөдөр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Агентлагийн дарга А.Баатархуяг, "МОНЦАМЭ ТОЙМ" сар тутмын сэтгүүлийг энэ оны эхнээс гаргаж эхлээд байна. Уг сэтгүүл нь Монгол Улсын анхаарал татсан улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан нэг сэдвийг сонгон авч асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл, тойм нийтэлж байх зорилготой. Нэгдүгээр сарын анхны дугаарт Газрын тосны асуудлыг хөндсөн тоймууд, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл зонхилох байрыг эзэлсэн. Тухайлбал, нефтийн салбарын үүсэл хөгжил, өнөөнийг байдал, олон улсын хөгжил гээд энэ салбарыг тойрсон гол гол асуудлыг хөндлөө. 1939 оны дайны үед ЗХУ-ын Улаан армийн хангалтад зориулж манай улсын зүүн хязгаарт байршуулсан ШТС-ын ерөнхий зураглал, анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хийсэн "300 жилийн нөөцтэй гэж зүгээр ч хэлээгүй юм" ярилцлага, Бензиний үнэ ба амьжиргааны судалгаа зэрэг нийтлэлүүд багтсан. Сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарт Монголын Төмөр замын асуудлыг хөндөнө" гэв.
Удаах мэдээлэл бол "Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомгийн талаар байв. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний гэрэл зургийн танхим, "Монголын гэрэл зураг мэдээлэл" сэтгүүл, Фото мэдээллийн "Inet.mn" сайттай хамтран "Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомгийг Монгол улсын гадаад сурталчилгаанд зориулан гаргажээ. Энэхүү гэрэл зургийн цомогт мэргэжлийн болон сонирхогчдын авсан нийт 200 орчим бүтээлийг багтаасан. Гэрэл зургийн хэлээр үйл явдлыг маш өгүүлэмжтэйгээр, тухайн агшныг ямар нэг эвлүүлэггүйгээр фото хальснаа буулгаж чадсанаараа эдгээр бүтээлүүд 400 гэрэл зургаас шалгарч уг цомогт багтжээ.
Цомогт улс төр, нийгэм, соёл урлаг, спорт, хүрээлэн буй орчны салбарт 2012 онд өрнөсөн томоохон үйл явдлууд, тэдгээрийн алдаа оноо, сургамжтай талыг гэрэлтэй болоод сүүдэртэй талаас нь харуулснаараа онцлог юм. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас гаргаж буй уг цомог уламжлал болон хэвлэгдэх бөгөөд жилээс жилд гэрэл зурагчдын тоо өсөн нэмэгдэж, тэдний ур чадвар сайжирч байгаатай уялдуулж цомгийн дараа дараагийн чанарт ихээхэн анхаарч ажиллана хэмээн орлогч дарга Б.Номинчимэд хэлсэн юм. Мөн Фото мэдээллийн "Inet.mn" сайтын эрхлэгч Ц.Батбаатар, "Бид "Press photo" нэрийн дор жил бүр шилдэг гэрэл зургийн уралдаан зарлаж, шилдгүүдээ тодруулдаг.
Гэхдээ зөвхөн уралдаан хэлбэрээр явуулах нь хязгаарлагдмал учраас 2010 онд Улаан-Үдэд үзэсгэлэнгээ гаргаж гадны үзэгчдэд толилуулсан. 2011 оны бүтээлүүдээр Хөх хотод үзэсгэлэн гаргасан бол энэ жилийнхийг Японд гаргахаар хөөцөлдөж байна. Түүнчлэн МОНЦАМЭ агентлаг гэрэл зургийн хөгжилд түлхэц болгож жил бүрийн шилдэг гэрэл зургаар цомог гаргаж байх болсонд баяртай байна гэв.
"Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомгийг удахгүй номын худалдаагаар борлуулж эхлэх бөгөөд ирэх жилийн "Press photo" уралдаанд "Монгол Улсыг гадаадад сурталчилсан гэрэл зураг" номинацийг шинээр оруулж байгаагаа агентлагийн удирдлагууд мэдэгдэв.
Б.Туул