“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
2015/08/26
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм.
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” нь гэрч, хохирогч нэг бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдээлэл авах, аюулгүй байдлаа хангуулах, хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах, нийгмийн халамж, туслалцаа авах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох, гэрч, хохирогчийн эрхийг хангах, хамгаалах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, хүнд болон ноцтой гэмт хэргийг илрүүлэх, нотлох, гэм буруу нь тогтоогдсон этгээдэд шударга шийтгэл оногдуулахад гэрч, хохирогчийн идэвх, оролцоог дэмжих зорилготой.
Хөтөлбөрт зорилго, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалт, хугацаа, санхүүжилт болон хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тусгажээ. Хөтөлбөрийг 2016-1024 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.