Нүүдэл айсуй
2015/08/26
Хуучин цагт Нүүдэл айсуй гээд л хот айлаараа их нүүдлийг тосож халуун цай, идээ будаа бэлтгэн угтдаг байв. Өнөөдөр энэ ёс бараг л үзэгдэхгүй. Хотынхон бол айл нүүж ирэхэд ширэв татаж харна. Харин хөдөөнийхөн хэн нь хаанаас бэлчээр булаалдах гээд хүрээд ирэв гэж төвөгшөөнө. Ганцхан улстөрчид л нүүдлийг баярлан, бас бахархан угтаж, үдэж өгч байна.
1992 оны чөлөөт сонгуулийн үеэс эхлэн улс төрчид мэр сэр нүүдэл хийж эхэлсэн. Анхны олон намын оролцоотой сонгуулийн дараа ялсан, ялагдсан гэх нэр зүүсэн эрхмүүд урваж, шарваж, учирлаж, уулзаж, тохиролцож, толхилцож байгаад л нүүдэл хийж байв. Ардчилсан намын батлах өвөртөлж байсан нэгэн МАХН-ын нэрээс төрийн алба хашиж байсан тухай яриа хөвөрдөг. Харин энэхүү дүр зураг 2010 оноос эхлэн ил гарч, тоглолт нь уйлан хайлан бууриа санасан эмгэнэлт драмын жүжиг болчихжээ.
2012 оны сонгуулийн өмнө Монголын төрийн 70 жил барьсан нам хуучин нэрээ сэргээж МАН болсон. Үүний улмаас тус намын хэсэг нөхөд Н.Энхбаярыг даган МАХН гэх нэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй авсан гэж олон нийтийн зарим төлөөлөл үздэг. МАН гэх нэр биш. Харин би МАХН гэх нэрэнд хайртай гэж уйлж, дуулан нэгдсэн нөхдийн дунд толгой цохиж, цойлж харагдсан хэдхэн хүн бий. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал нарыг нэрлэж болно. 2012 оны сонгууль дөхөх тусам МАХН-ын дарга Н.Энхбаярт хайр зарлан, хадаг барьж очсон улс төрчид цөөнгүй. Үүний тэргүүн эгнээнд Ц.Оюунбаатар нар багтана. Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалж, зүрхээрээ өмөөрч өмөлзөж байсан олон хөгшин бий. Тэд өнөөдөр ч энэ л зүрх сэтгэлийг гаргаж МАХН гэх туган дор жагсаж чадна. Мөн 2012 оны сонгуулийн дараа МАХН буюу Н.Энхбаярыг түшвэл хоолтой гэж бодсон цөөнгүй хүн бий. Үүнд УИХ-ын гишүүн асан, УИХ-ын тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж, Одоогийн Эрүүл мэндийн сайд Д.Шийлэгдамба, НИТХ-ын тэргүүлэгч асан Б.Хангал гэх мэтийг нэрлэж болно. Тэд 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших чин хүсэлтэйгээр намын тэргүүн эгнээнд өрвөлзөж явна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэгчээр 2016 оны сонгуулийн үр дүнгээр л хоолтой залгана гэж бодсон олон хүн МАХН-ын байрны зүг хүлгийн жолоо залсаар өнөөдөртэй золгож байна. Анх МАХН гэх нэрийг сэргээнэ. Н.Энхбаяр даргыгаа хамгаална гэж гүйж явсан олон хөгшин байсан байрандаа бахь байдгаараа л суугаа. Харин хожим ирж үүрээ засчихаад хоолтой золгосон нэгэн байхад, хэсэгхэн хорон хэн нэгний нүдэнд торч, өмнө хойно нь бөртөлзөж байгаад өндөр албан тушаалд заларсан хэсэг ч байна. 2016 оны сонгуульд МАН-аас өрсөлдөж чадахгүй гэх магадлалтай олон хүн МАХН-ын зорьж болзошгүй байна. Тодруулбал Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Увс, Дорнод зэрэг аймагт нэр дэвшихээр горилж байгаа нөхдийн нэг хэсэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг чиглэн нүүдэллэх нь тодорхой. Харин хэн, хэзээ, хэрхэн хадаг барьж МАХН-ын байрны үүдэнд цуваа үүсгэн буудаллах нь тодорхойгүй байна.
Сонгуулийн хууль яаж хэрэгжих нөхцөл бүрдэхээс шалтгаалж нүүдэл айсуй. Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир, Д.Очирбат, Ц.Мөнх-Оргил, Р.Буд гэх мэт өнөөдрийн МАН-ын удирдлагад төдийлөн үнэлэгдэхгүй байгаа улстөрчид гүйж болзошгүй. Бас МАХН-ын дарга Н.Энхбаярыг мандаж явахад бөөрөнд нь наалдаж, хачиг шиг зүүгдэж явсан олон хүн таныгаа санан санасаар ирлээ гээд дуулаад очихыг ч үгүйсгэхгүй ээ. Ихэнх нь уучлаарай, ухаарлаа, урагшгүй намайгаа өршөө, уруудаж яваа нэгнээ өөд нь татаад улсын жолоо атгах боломж олгож хайрла гэх уран үгээр хачир хийж, хадаг бүрээ Н.Энхбаярын гарт өлгөж, МАХН-ын байшинд мөргөж болзошгүй. Улс төрийн хүрээнд явагдах их нүүдэл айсуй.
Б.Ууганбаяр
Эх сурвалж: www.time.mn
иргэн · 2015/08/26
нэлээд алсыг харсан нийтлэл байна шүү. Амжилт