Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Алдар нар өнөөдөр 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй хамруулах “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн цэцэрлэгүүд 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сурган хөгжүүлэх юм.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Хувийн хэвшлийнхэн энэ салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна.

-       Нэг цэцэрлэгт 100 хүүхэд сурна гэж бодоход 3000 хүүхдэд 30 цэцэрлэг хэрэгтэй. Нэг цэцэрлэгийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол 30 тэрбум төгрөг болно. Тэгэхээр манай хувийн хэвшлийн цэцэрлэгүүд 3000 хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгтээ хамруулсанаар энэ салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхэндээ маш их талархаж байна. Энэ 3000 хүүхэд дотор манай ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдүүд дийлэнх хувийг эзэлнэ. Өнгөрсөн жилүүдэд боловсролын чанарын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл гээд багш нар маань үнэхээр завгүй, амралтгүй ажиллаж байгаа. Бусдын хүүхдийн төлөө амралтгүй зүтгэж байгаа багш нарт маань ийм боломж нээгдэж байгаад үнэхээр баяртай байна.

 

Сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулж байгаа Нийслэлийн болвсролын газар нь МСӨБХХБХ-оос өгөх хувийн хэвшлийн цэцэрлэг ба хүүхдийн тоог нэгтгэн, дүүрэг тус бүрээр нь гарган БСШУЯ-д хүргүүлэх юм. Үүний дараа БСШУЯ, НБГ хамтран бүртгэх, цэцэрлэгт элсүүлэх ажлыг эхлүүлэх юм байна.