Сүүлийн үед Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг улсын өмч идэж уусан тухай ярих болсон. Түүнтэй холбоотой баримтуудыг тус газрын ажилчид олон нийтэд ил болгосон юм.
 
Тухайлбал тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Канад улсын Стандартын зөвлөлийн найман төлөөлөгчийг Дархан- Уул аймгийн Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна гэж хуурамч баримт бүрдүүлжээ.
 
Улмаар төсвөөс 17 сая орчим төгрөг хувьдаа завшсан гэдгийг АТГ- аас өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны 06/3173 тоотоор тогтоож, мөн МХЕГ-аас Г.Энхтайванаар төлүүлэх акт үйлдэж байсан ч өдгөөг хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа юм.
 
Түүнчлэн түүний ноёрхол хэрээс хэтэрч, төрийн албан хаагчдыг ажлаас нь хууль бусаар хоморголон халсан байна.Гэтэл ажлаасаа ор үндэслэлгүйгээр халагдсан зургаан албан хаагчийгажилд эргүүлэн авах шийдвэрийг шүүхийн байгууллагаас гаргаж байсан ч шүүхийн шийдвэрийг мөн л биелүүлээгүй байна.
 
Халагдсан ажилчид «Бидний эрх ашиг удаа дараа зөрчигдөж байгаа талаараа Шадар сайд Д.Тэрбишдагвад гомдол гаргаж, албан бичиг хүргүүлж байсан боловч түүнд очилгүй, замаасаа алга болдог» гэж ярьж байсан юм.
 
Тодруулбал Г.Энхтайван дарга албаны эрх мэдлээ хэтрүүлэн З.Мөнгөнбагана, Б.Цагаанцэцэг, Э.Тамир, Г.Дунхүү нарын нэр бүхий төрийн зургаан албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан болохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1463,1978, 1756,
 
2012 оны 777 тоот шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн хэргийн шүүхийн 2011 оны 478, 2012 оны 63 тоот магадлал, Улсын дээд шүүхийн өнгөрсөн оны 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож, тогтоолын дагуу татвар төлөгчдийн 33.697.461 төгрөгийг нөхөн олговорт олгосон байдаг.
 
Түүнтэй холбоотой хэргүүд үүгээр дуусахгүй. Инээдтэй ч гэмээр хэд хэдэн баримт ч байдаг аж. Тодруулбал Г.Энхтайван Дархан-Уул аймгийн нэгэн буудалд байрласан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж төсвөөс мөнгө завшсан нь шалгалтаар тогтоогдож байжээ.
 
Мөн байгууллагын өмчид бүртгэлтэй 9911.... гэсэн дугаарыг бусдад худалдаж мөнгө завшсан. Уг хэргийг АТГ-аас гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоож, тухайн үед Нийслэлийн прокурорын орлогч байсан Ё.Сагсай Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар «Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх» гэсэн заалттай 01/1453 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм билээ.
 
Мөн тэрбээр Стандартчилал, хэмжилзүйн байгууллагад төрийн албаны шалгалт өгөөгүй, шалгалтад тэнцээгүй байсан өөрийн танил, намын нөхөд болох О.Отгонсайхан, Д.Анхбаяр, Н.Төрболд нарын хүмүүсийг хууль бусаар томилж,
 
цалин нэмэгдэл урамшуулал олгож байсныг нь АТГ болон ТАЗ-ийн хамтарсан шалгалтаар илрүүлж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 04/092/143 тоот актаар улсад 57851818 төгрөгийн хохирол учруулсныг Г.Энхтайванаар төлүүлэх шийдвэр гаргаад байгаа юм билээ.
 
Ямартай ч Г.Энхтайван даргыг удаа дараа хууль бус алдаатай шийдвэр гаргаж байсан, том жижиг гэлтгүй зүйлийг хувьдаа ихээр завшиж байсныг нь хууль хяналтын байгууллага тогтоосон аж.
 
Гэтэл юуны учир өдий хүртэл түүнд арга хэмжээ авахгүй байгаад тус газрын алба хаагчид гайхаж буйгаа хэлж байсан. Тэд албан ёсны шаардлагыг Ерөнхий сайд болон Шадар сайд Д.Тэрбишдагва нарт өөрсдийн биеэр хүргүүлнэ.
 
Уг шаардлагад «Төсвийн мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн, мөн төрийн албан хаагчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгаа Г.Энхтайванд хариуцлага тооцож огцруулахыг шаардана» хэмээж байсан. 
 
 
Эх сурвалж: