“Петрочайна дачин тамсаг”-ийнхан хуулиас дээгүүр жаалж байна
2013/06/24
Мэнэнгийн талыг миаруулж байгаа “Петрочайна дачин тамсаг” (ПЧДТ) компанийн талаарх иргэдийн гомдол өдийг болтол хөвөрч байна. Үзүүр нь хэзээ эхэлсэн, хэн гэгч нөхөр хэлбийсэн гэрээг үзэглэж, бүтэн хөрсийг хөвөх гогцоог гаргачихсан юм бүү мэд.
Ямар ч л байсан эх орны хэвлийд хирээ нялздаг ч энэ компани л буртаггүй байсаар өдгөө 10 гаруй жилийн нүүрийг үзчихжээ. Аль ч засгийн үед дээрх компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал хурцаар яригдаж байсан ч дорвитой шийдэгдсэн удаагүй. Тиймдээ ч Н.Алтанхуягийн засаглалын үед амжилт олно гэж найдахгүй байгаагаа шуудхан хэлчихье. Өнгөрсөн оны сүүлээр гэхэд л шинэчлэлийн засгийн газрын тэргүүн маань “ПЧДТ” гэх их айлд зочилсон ч аяганы амсар зуухаас хэтрээгүй юм даг. Энэ нь гэрийн эзэн сэтэрхий аяганаас өөр өмчгүй, цай ч үгүй, царай ч үгүй гэдэгтэй агаар нийлэх ч юм шиг. За тэгээд тэр агаараас нь иргэд хүртэж, адилхан л уушгиа устгаж байгаа учраас Хятад шошготой “ПЧДТ” компанийн хор хөнөөлийг бултаараа үзэх нь тэр. Ялангуяа, Дорнод аймгийнхан дорой царайлсан хэвээр байна. Тэд өөрсдийн энэ байдлаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд хангалттай цацсан ч “ПЧДТ” компанийг шууд унагах “шаг” биш байсан бололтой. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад тус компани дангаараа ганц тоглогч атлаа бүхэл бүтэн улсын иргэд, тэдний удирдлага, үе үеийн улс төрчидтэй ничсээр ирсэн байх юм. Тиймээс тэднийг улайн цайм өмгөөлж хамгаалах нэгэн үгүй ч ар хударгаар нь арьсыг нь хамгаалж, ашигтай цагт ноосыг нь самнадаг хэн нэгэн байх талтай.
Сануулбал, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь анхны хайгуул хийж байсан “Соко интернэйшнл” компанитай байгуулсан хуучин гэрээ юм. Энэ нь манай талд асар их алдагдалтай болсон гэдэг нь сүүлийн жилүүдэд эрс мэдэгдэх болсон тухай иргэд ам уралдан ярьж байна. Тухайн үед манай улс нь хөрөнгө оруулагч татах хэт сонирхолтой байсан нь аль нэг талдаа ашиггүй болж хувирсны золиос нь өдгөө бид өөрсдөө юм. Харин Бүтээгдэхүүн хуваах тэрхүү гэрээ нь энгийн иргэд байтугай, эрх мэдэлтэй зарим нэгний хувьд хаалттай байдаг талаар хүүрнэдэг. Түүнчлэн юу бичиж, юу тохиролцсон гэдгийг нь задлах сонирхол аль ч талдаа өнөөг хүртэл байгаагүй гэлцдэг юм билээ. Юутай ч хөрсийг хөндийлж, хэвлийг хэмлэсэн энэ ажлын үр дүнд Дорнодын тал үлгэрийн юм шиг өөрчлөгдөж, дэд бүтэц нь бүрэн шинэчлэгдэх байсан гэгддэг. Гэхдээ тэнд өнөөдрийн байдлаар Мэнэнгийн тал, Матад суманд төдийгөөс өдийг хүртэл өчүүхэн ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэнгүй.
Харин тэдний хууль бус үйлдлийн талаар тухайн бүсэд оршин суух иргэд дахин мэдээлэл хийсэн нь “ПЧДТ” компани Монгол Улсын шүүхийн байгууллагад “молиго” үмхүүлсэн талаарх мэдээлэл байв. Тодруулбал, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, Дорнод аймгийн Матад сумын иргэд “ПЧДТ” компанийг 2010 онд хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учруулсан, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн шалтгаанаар Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан байна. Улмаар анхан шатны шүүх хурал гурван удаа хойшилж, дөрөв дэх удаагийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 854 тоот шийдвэрээр “ПЧДТ” компанид хариуцлага ногдуулжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, байгаль орчинд учирсан хохирол болох 1 тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөгийг тус компаниас гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгасан шийдвэр гаргасан байна. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсрэгүүцэж давж заалдах шатны гомдлыг нийслэлийн шүүх, Монгол Улсын Дээд шүүх, дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэх хүртэл бүх шатаар явсан аж. Гэвч тэдний гомдлыг хянаад “Гомдлыг хангах үндэслэлгүй” хэмээн үзжээ. Үүний үр дүнд “ПЧДТ” компани Матад сумын төсөвт анхан шатны шүүхээс гаргасан захирамжийн дагуу 1 тэрбум 400 сая орчим төгрөгийг зайлшгүй барагдуулах үүрэг хүлээсэн байна. Улмаар тэд хуулийн нүх сүв бүрийг ашиглан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлтийг гаргажээ. Харин Улсын Дээд шүүхэд гаргасныг хянан хэлэлцээд тэдний хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Гэвч өнгөрсөн сард тэд энэ байдлаа давтаж “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлт гаргажээ. Дээрх асуудлыг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэх байсан ч “Тус хэргийг шүүх хуралд оролцож байсан шүүгчид энэ шүүх хуралд оролцож байна” гэх компанийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар өнөөдөртэй золгоод байгаа аж. Үүнээс улбаалж иргэд тус компанийн хууль бус үйл ажиллагаатай дайн зарласан байна.
Дээрх шалтгааны улмаас нутгийн иргэд төдийгүй тэднийг дэмжин ажилладаг хөдөлгөөнүүд олон нийтэд хандахаас өөр аргагүй болсон аж. Мөн тэд “Бүх шатны шүүх хурлаар асуудлыг эцэслэн шийдвэрлүүлж, хохирол барагдуулах ажиллагаа өрнөж байхад “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” хэмээн шалтаглаж Монгол Улсын шүүх хурлын захирамжийг удаа дараа үл тоомсорлосон. Шүүх хурлыг олон удаа хуралдуулж байгаа нь Монгол Улсын шүүх байгууллагыг үл тоомсорлож байгаа асуудал” хэмээн учирлав. Үнэхээр урд хөршийн төрийн мэдлийн охин компани гэгддэг “ПЧДТ” компани нь манай улсад арваад жил хайгуул хийж, сүүлийн жилүүдэд олборлолт явуулж байгаа ч улсад, орон нутагт оруулсан өчүүхэн төдий ул мөр алга. Олборлолт явуулж байгаа бааздаа өөрийн нутгийн 26, манай улсын дөрөвхөн туслан гүйцэтгэгч компани ажиллуулж байгаа тэд үнэхээр хуулиас дээгүүр хөөрчихөв үү. Бүтээгдэхүүн хуваах гэрээ үзэглэсэн ч хувьдаа мэт аашилж байгаа тэднийг “хууль хяналтын байгууллага шалгаж өгнө” гэх иргэдийн гомдлыг ч үүнд хавсаргая.
Зочин · 2014/03/09
chino daichin uls aguu xuchirxeg yumaa
news · 2013/07/13
VlhW4c I truly appreciate this article.Thanks Again.
news · 2013/07/09
zZrO3j I think this is a real great blog article. Awesome.