Гэр бүлийн журамтай болцгооё
2015/08/29
Ногоон гэрэл асахыг хүлээн зогсч байтал залуухан хос дэргэд минь ирэв. Тэд хөтлөлцөж, их л баяр баясгалантай байх ажээ. Ногоон гэрэл арай асаагүй ч чигээрээ хөдөлгөөнд оролцох автомашинууд зогсч эхлэхтэй зэрэгцэн залуу, бүсгүйгээ дагуулан зам гарахаар зүтгэв. Бүсгүй гэрлэн дохио руу зааж, “Явах болоогүй байна” гэж сануулахтай зэрэгцэн ногоон гэрэл ч асч, хүмүүс зам хөндлөн гарлаа.
Зам зуур бүсгүй, найз залуугийнхаа тэвчээргүйг гайхаж гомдоллож эхлэв. Гомдлын үгнээс улбаалж тэр хоёр маргалдаж, замын эсрэг талд автобусны буудал дээр хэдхэн хором зогсох зуур хэрүүл болон даамжирч, охин найз залуугаа хаяад явж одлоо. Инээлдэж, эрхлэлдэн зогссон хосууд ердөө хэдхэн хормын дотор бараг өстөн дайснууд мэт салцгаав.
Хэн хэнийхээ үгийг дааж, тэвчээд өнгөрүүлчихсэн бол байдал ийм дээрээ тулахгүй байв. Дээрх хоёрыг хөндлөнгөөс харахад жижигхэн бас инээдэмтэй зүйлээс болж маргалдлаа гэж бодогдох. Гэвч уршиг нь хэр их гарч, хэрүүл нь хэдэн өдөр үргэлжлэхийг бүү мэд. Найз бүсгүйдээ шаралхсан залуу архи ууж даврах, түүнд уурласан уураа бусдад гаргах гээд энэ маргааны “гай” их байх магадлалтай.
Ер нь залуу хосууд төдийгүй өнөр өтгөн гэр бүлийн хоёр үл ялих зүйлээс болж, хэрэлдэж муудалцах явдал байдаг. Шалтгаан нь хэдий өчүүхэн байсан ч бие биедээ буулт хийж, уучлалт гуйж чаддаггүйгээс болж хэрүүл даамжирч гэр бүл салах нөхцөл болох нь бий.
Анхнаасаа хэлэх үгээ бодох, хэлсэн үгийг нь даах, тэвчиж өнгөрүүлж сурвал ийм байдал үүсэхгүй нь мэдээж. Тиймээс маргалдаж хэрэлдэхээс сэргийлж нэгэн хосын гаргасан журмыг сонирхуулмаар санагдлаа.
Тэд журамдаа “Хэрэлдэж маргалдахгүй байхыг хичээнэ. Хэрүүл, маргаан гарсан тохиолдолд цааш үргэлжлүүлэхгүй, зогсоохыг чухалчилна. Хэн нэгэн нь эвлэрэх санал тавихад нөгөө нь “унжихгүй”. Эвлэрч амжаагүй байлаа ч тусдаа унтахгүй" гэж заажээ.
Тэгээд журам зөрчсөнөө торгож, биелүүлэх гэж хичээснээ шагнадаг гэнэ. Та бүхэн ч гэсэн энгийн хялбар энэ журмыг дагах гээд оролдоод үзээрэй. Олон муу, муухай тохиолдлоос гэр бүлийг тань хамгаалж, асуудлыг эвээр давж сургана шүү. Даваа болгоны дараа хайртыгаа улам ихээр хайрлаж, хайр батжиж, нэг ч гэсэн монгол өрх, элэг бүтэн оршиг ээ.
М.Алтанцэцэг