Тэмцээний сүүлийн өдөр багийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг “D” хэсэгт Куб, Гүрж, Тунисийн шигшээтэй таарлаа.

Эхний тойрогт бөхийн эх орон гэгдэх Кубын бөхчүүдийг тав дараалан ялж үнэмлэхүй ялалт байгуулсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Гүржийн багтай таарч 3:2-ын харьцаатайгаар ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар хагас шигшээд БНСУ-ын багтай учраа таарав. БНСУ-ын шигшээ багийнхан манай жүдочдыг 3:2-оор ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин манай бөхчүүд хүрэл медалийн төлөө Казахстаны шигшээтэй учраа таарлаа. Барилдааныг дэлхийн аварга Х.Цагаанбаатар ялалтаар эхлүүлсэн. Улмаар Г.Одбаяр, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар нар дараалж ялснаар тооны харьцааг 4:0 болгоод байв. Сүүлийн барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр өрсөлдөгчдөө ялагдаж тооны харьцааг 4:1 болголоо. Ингэснээр манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг “Астана-2015“ ДАШТ-ий багийн төрөлд анхны хүрэл медалиа авлаа.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Казахстан, БНСУ, Тунисийн багтай “D” хэсэгт хуваарилагдсан. Эхний тойрогт Казахстаны шигшээ багийг 5:0-ын харьцаагаар ялж, улмаар БНСУ-ын багийг 3:2-оор хожоод байв. Хагас шигшээд Японы багтай таарч 5:0-оор ялагдаж хүрэл медалийн төлөө Германы шигшээ багтай учраа таарлаа. Хүрэл медалийн төлөөх барилдааныг өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхлүүлсэн юм. Тэрээр барилдаан дөнгөж эхлэх үед цэвэр ялагдав. Түүний араас Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар барилдаж ялснаар тооны харьцааг 1:2 болгон илүүрхээд байв. Дөрөв дэх барилдаанд Ц.Цэрэннадмид ялагдал хүлээн тооны харьцаа тэнцсэн. Шийдвэрлэх барилдаанд ОУХМ О.Жавзмаа Германы жүдочид ялагдсанаар манай эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-ий багийн тэмцээнээс медаль авч чадсангүй.

http://www.dnn.mn