Анх яригдаж эхэлсэн цагаасаа хойш жолооч нарын дунд оньсого таавар мэт байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан шинэ хуульд орсон онцлог заалтууд, өмнөх хуулиас ялгарах гол онцлогуудын талаар хүргэж байна. 
Монгол Улсын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй Үндэсний зөвлөлийг байгуулахаар шинэ хуульд тусгасан. Энэ нь өмнөх хуулиас ялгарах гол онцлог болжээ. Ерөнхий сайдын даргалах Үндэсний зөвлөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, ТББ-ын удирдлагын төлөөлөл тэнцүү орж ажиллах юм байна. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжрах давуу талтай юм. 

Тухайлбал шинэ хууль гарснаар, Эрүүл мэндийн яам нь зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг, анхны тусламжийн цэг, харьяалагдах нутаг дэвсгэрийг тодорхойлох, ажиллах нөхцөл, боломжоор хангах үүргийг Үндэсний зөвлөлийн өмнө хүлээж байна. Ингэснээр осолд өртсөн хүнд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ илүү шуурхай болох боломж бүрджээ. Эмнэлгийн хажууд осол гарсан ч зөвхөн яаралтай тусламжийн төв, Шуурхай бүлэг 105-д утасддаг байсан бол одоо аль ойрхон байгаа эмнэлэг нь тусламж үзүүлэх үүрэг хүлээж байна гэсэн үг. ЭМЯ энэ ажлаа зохион байгуулж, Үндэсний зөвлөлд танилцуулна, Үндэсний зөвлөл нь хагас жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнана. Замын чанараас шалтгаалж осол аваар гарвал автозам хариуцсан төрийн захиргааны байгууллага тодорхой хариуцлага хүлээдэг, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцсан зам талбайг цэвэрлэдэг байх заалт ч орж байгаа бололтой. Хуулийг дагаж 24 журам гарах ёстой бөгөөд 20 орчим нь хүлээгдэж байгаа юм. Эдгээр журмууд гарахаар эзэнгүй, тодорхойгүй байсан асуудлууд бүгд хариуцах эзэнтэй болж цэгцэрнэ гэж хууль боловсруулагчид амалж байгаа юм. 

Жолооч нарын хариу үйлдлийг харахад “Торгууль шийтгэл” гэхээсээ илүү Зөрчлийн бүртгэлийн оноо тооцдог болсныг илүү анхаарч байгаа нь илт. Өмнөх хуульд жолооч хэдэн ч удаа дүрэм зөрчсөн торгуулиад яваад байх боломжтой байсан. Тэгвэл дүрэм зөрчдөг дэггүй жолооч нарыг хариуцлагажуулах зорилгоор шинэ хуульд дээрх заалтыг оруулж иржээ. Жолооч бүр 10 оноотой байна. 
Хуульд заасан 70 орчим зөрчлийн хамгийн хүнд 14 зөрчил гаргасан тохиолдолд онооноос хасах аж. Төмөр замын гармаар гарвал гурав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол бүх оноо хасагдах гэх зэргээр зохицуулахаар тусгасан байна. Гэхдээ яг ямар зөрчилд хэдэн оноо хасагдах вэ гэсэн эцсийн шийд одоогоор гараагүй байгаа юм. 

Оноо тооцох журам нь өмнөх хуулийг бодвол 
чанга мэт боловч мөнгөгүй явж байгаад талоноо гурван удаа цоолуулаад эрхээ хасуулдаг байсан тэр үеийн журмыг бодвол дэвшилттэй болжээ.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын асуудал жолооч нарын анхаарлыг хамгийн их татаж байгаа нь мэдэээжийн хэрэг. Жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлага ямар болсон талаар хүргэж байна.
Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гэртээ мартдаг, хамгаалах бүсээ зүүдэггүй, эрхээ хасуулсан ч хэнэггүйтэж яваа жолооч нар анхаарлаа хандуулна уу. Хуульд жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоо барьсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хүлээлгэх хариуцлагыг өндрөөр тогтоож өгчээ. 

Жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсвэл эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192 000  төгрөг/-тэй тэнцэх мөнгөөр торгохоор заасан байна. Өмнөх хуульд 
автомашиныг журамлаж, 25-50 мянган төгрөгөөр торгодог байв. Дээрх зөрчилтэй этгээдэд жолоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөөр /100 орчим мянган төгрөг/ торгоно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй /400 000 орчим төгрөг/тэнцэх хэмжээний мөнгөөр торгож, энэ үйлдлээ давтвал хөдпөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгож, 7-30 хоног баривчилна.  

Хамгаалалтын бүсээ зүүгээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгоно. 

Шинэ хуульд “Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэсэн заалт байгаа нь жолооч нарын анхаарлыг татаж байгаа. Энэ нь хувь жолоочид гэхээсээ жолооч нарыг хэт олон цагаар ажиллуулж, холын тээвэрт ээлжгүй явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хамаатай заалт юм. Энэ тохиолдолд жолооч 50 000 төгрөгөөр торгуулахаар болж байна. 

Дугаарын хязгаарлалтай замын хөдөлгөөнд оролцдог болсноос хойш иргэдийн дунд улсын дугаараа сольж тавих явдал газар авч буй. Тэгвэл шинэ хуульд “Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг 
нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт орсон байна. 

Манай жолооч нарын дунд элдэв нэмэлт гэрэлтэй, янз бүрийн дуут дохиогоор гангарах явдал түгээмэл байдаг. Тэгвэл тэдгээр жолооч шинэ хуульд 
“Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт байгааг сануулъя. 

Тусгай дуут дохио ажилуулсан эмнэлэг, цагдаагийн тэргэнд зам тавьж өгөхдөө манайхан тун ч хойрго. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ингэж “хүнд суртал” гаргавал 19200 төгрөгөөр торгуулах нь байна. Мөн
 жолоо барих үедээ гар утас хэрэглэвэл 10 000 төгрөгөөсөө салах нь. Урсгал сөрвөл 100 000-аасаа салж, дээр нь эрхээ зургаан сараас нэг жил хүртэл хасуулах шийтгэл хүлээнэ. 

Шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол 
нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээн гэсэн шинэ жолоочид илүү хамааралтай заалт ч оржээ. Туршлагагүй байж хурдан явах гэж байгаад осол хийчихгүй бол ч яах вэ. 

Хуульд орсон зарчмын гол өөрчлөлтүүд, нийтлэг гардаг зөрчилд ногдуулах шийтгэлийн тухай танилцуулахад нэг иймэрхүү. 

Өмнө нь хэрэгжиж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөвхөн зорчигчид хамаатай байсан бол энэ удаагийнх явган зорчигчид ч хамаатай, зөрчвөл хариуцлага ногдуулахаар болсноороо онцлогтой.Тухайлбал, 
осол гарсныг харчихаад холбогдох байгууллагад шуурхай мэдэгдээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх мөнгөөр торгуулна. Мөн хуулийн 13.2.6-д “Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй” хэмээн заасан байх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хувь иргэнийг 50 000, хуулийн этгээдийг 400 000 төгрөгөөр торгох нь. 

Мөн хуулийн 54.4-т “Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, 54.5-д “Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хoлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” хэмээн заасныг явган зорчигчид анхаарна уу.

Шинэ хуульд 10-аас доош насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан харгалзах хүнгүйгээр замын хoдoлгooнд оролцуулахгүй байх, зөрчсөнөөс болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”гэсэн заалт орсон нь ярианы сэдэв болж байгаа юм. Хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг байх ёстой нь үнэн. Гэвч хуулийн заалтаас харахад хүүхэд осолд орох бүрт улсад мөнгө орж байдаг, үр хүүхдээ ослоор алдсан, гэмтээсэн эцэг, эхээс торгуулийн мөнгө нэхдэг байдал үүсч байгааг бодууштай. 
 
Х.Батсайхан
 

Эх сурвалж: www.mminfo.mn