Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье
2015/09/01
Оюутан, сурагчдын хичээл орж хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан ХӨСҮТ-өөс "Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх"-ийг анхаарууллаа.
Хепатитын А, Е вирүст халдвар, цусан суулга, гэдэсний балнад, хеликобактери, кампилобактерийн халдвар, сальмонеллез, эшерихоколийн халдвар, хоолны хордлого, хиамдал, холер зэрэг өвчнүүдийн үүсгэгч хүний биед хоол боловсруулах замаар нэвтрэн орж өвчин үүсгэдэг.
Эдгээр өвчин үүсгэгч нян, вирүс нь өвчтэй хүн болон эрүүл нян тээгчийн өтгөн ялгадсаар гадаад орчинд ялгардаг. Нян, вирүсээр бохирлогдсон ус, хүнс, сав, суулга, эд материал, бохир rap зэргээр дамжин амаар орж, хоол боловсруулах эрхтнийг гэмтээн халуурах, гүйлгэж суулгах, бөөлжих зэргээр өвчлүүлдэг учир гэдэсний халдварт өвчин гэж нэрлэдэг.
Энэ жил 7 дугаар сарын сүүлчээс эхлэн гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй,
Сургууль, цэцэрлэгт хүүхдийн үдийн хоолыг бэлтгэхдээ АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНСНИЙ 5 түлхүүр зарчмыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эдгээр зарчмыг зөвхөн хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнс үйлдвэрлэгчид хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд хэвшүүлэх шаардлагатай.
Түлхүүр 1: Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
•Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа савандаж угаах
•Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
•Гал тогоонд шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх
Түлхүүр 2: Болсон, түүхий хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
•Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
•Мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
•Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.
•Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болгосноор бичил биетнүүд устдаг.
•Хоол хүнсийг 70 -аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх
•Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан гүйцэд халааж хэрэглэх
•Малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох
Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
•Болгосон хоолыг халуунаар нь (60 хэмтэй) хэрэглэх ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.
•Түргэн мууддаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчид хадгалах
•Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх
Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
•Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх
•Усыг буцалгаж хэрэглэх
•Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх
•Ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх.
•Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
•Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах
Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг хэвшүүлснээр хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс хамгаалж чадна.