Гэрэлсүх Гэрэлсүх л гэнэ. “Амьдралын нахиа” киноны архичин эцгийн хүү охин хоёр тамхины акурка түүдэг хэсэг ч нэг их санаанд орсонгүй. Харин SBN-ээр нэгэн хэсэг  үзэгчдийг байлдан дагуулсан “Гэр” олон ангит киноны сайн аав, “Ларьдма”-гийн архичин, хардалтын дон шүглэсэн залуу гэсэн хоёр дүр л толгойд бууж байлаа.

Монголын топ хүүхнүүдийг дэлгэцээр алгаддаг энэ ер нь ямар эрхэм байна гээд зориод очлоо. Энгүүн яриатай ч эх орныхоо төлөө гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй залуусын л нэг. Харин кино “үйлдвэрлэж” завгүй байгаа аж. Үйлдвэрлэж гэдгийн утга нь Ларьдма гараад удаагүй байхад Монголд анх удаа “Ганцхан оноо” хэмээх багийн спортын тухай кино хийчхээд түүнийхээ нээлтийг хийх гээд тун завгүй явна.

Хоёр улсад тэр тусмаа арлын Японд, Азийн цээжин дэх Монголд зэрэгцэн дэлгэцээр амилах “Ганцхан оноо”-г түүний амьдралын ганцхан оноо болгон ярилцах гэсэн ч бүтсэнгүй. Хэдий дандаа уран бүтээл ярьсан ч сэтгэл нь энэ нийгмийн архичин, хардагсад зэргийг үзэн яддаг нь илт. “Ганцхан оноо” өгөхгүй ээ энэ амьдралд гэсээр бидний яриа ийнхүү өрнөсөн юм  

Хамгийн сүүлд хийсэн уран бүтээлийнхээ талаар танилцуулаач?

Хамгийн сүүлд “Ганцхан оноо” гэж Япон улсын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийлээ. Энэ маань маргааш нээлтээ хийх гэж байна.

Киноны тухайд?

Кино маань их онцлогтой. Багийн спортоор хийсэн кино Монголд байдаггүй. Тэгээд ч үндэсний бөх, хурдан морь гээд хэдэн кино байдаг. Харин Монгол улс дэлхийн спортод тэр тусмаа багийн спортоор хичээллээд эх орондоо дэлгэрүүлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Тэгээд ч анх энэ киног  Монголын нийгмийн шилжилтийн үе болох 90-ээд оны үеэр шинээр үүсэн хөгжиж байгаа бейсболын спортыг Монголд заахаар ирсэн Сэкинэ Макото өөртөө тохиолдсон дөрвөн жилийн бодит түүхээ ном болгон хэвлүүлсэн нь 2000 онд Японд “Мизүно”- гийн нэрэмжит утга зохиолын уралдаанд спортын сэдэвтэй “Шилдэг зохиол” шагналыг хүртэж хамгийн олон хувиар борлогдсон номоор шалгарсан юм.  Уг номыг үндэслэж тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан Таке Масахару нь Японы Токушима мужын Анан хотын захиргаа болон бусад байгууллага, хувь хүмүүсийн тусламж, санхүүжилтээр японы талаас “EARL GREY FILM”, монгол талаас “AUM ENTERTAINMENT”, “CREATIVE ART GROUP” кино студийн 50 гаруй киноны уран бүтээлчид, 30 гаруй жүжигчид, Монголын Бейсболын Үндэсний Холбоо, Японы Бэйсболын Холбооны 100 гаруй тамирчидын оролцоотойгоор нэг жилийн хугацаанд Монголд 70%, Японд 30%-ын зураг авалт хийж Монголын кино урлагийн түүхэнд анх удаа багийн спортын тухай өгүүлсэн кино болсон.  

Сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд багийн спортоор Монголчууд жил хичээллэсэн. Тэр тухай нь хийж болоогүй юм уу?

Энд хэлэхэд киног өртөг багатай, ихтэй гээд хуваадаг л даа. Бас гадаадын хөрөнгө оруулалттай гэж бас байна. Энэ кино маань Японы хөрөнгө оруулалтаар бүтэн 2 гурван жилийн турш хийгдсэн бүтээл. Яагаад 2,3 жил гэж байна гэхээр Япончууд маань их нарийн судлаж энэ дүрд энэ жүжигчнийг гээд олон л зүйл байсан. Мөн судалгааны үндсэн дээр бүтээгдсэн кино болохоор ингэж удсан гэж хэлж болно. Харин энд нэг зүйл нэмж хэлэхэд харин зураг авалтаа бол нэг жилийн дотор дуусгасан.

Өөрөө жүжигчин хүн?

Би чинь бас 2008 онд Солонгост найруулагчаар төгссөн ш дээ

Тийм л дээ кинонд тоглох кино продюссерлэхийн ялгаа юу байдаг юм бэ?

Дүр бүтээнэ гэдэг бол жүжигчиний хувьд хийх ёстой ажлын нэг хэсэг. Сайн тоглосон муу тоглосныг үзэгчид шүүнэ. Харин кино продюссерлэнэ гэдэг нилээн явдалтай ажил. Жүжигчин бол ганц дүрээ яаж бүтээх вэ бусадтай хэрхэн нийлэмжтэй тоглох вэ гээд л болоо продюссерийн хувьд бүх уран бүтээлчидтээй ажилладаг. Олон хүнтэй ажиллаж нервээ бардаг гэх үү дээ

Жүжигчиний хувьд анх “Амьдралын нахиа”-гийн архичин эрийн хүүгээр гараагаа эхэлсэн байхаа?

Тийм. Би одоогийн хүүхдийн ордон тухайн үеийн Монголын пеонерийн ордоны драмын дугуйланд явдаг байсан. Хүүхэд байхаасаа л кинонд дүрээ мөнхөлсөн шүү /инээв/

Нэг хэсэг алга бочихсон тэгээд “Гэр” ?

Алга болох ч юу байх вэ Солонгост сурлаа. Харин гэрийн хувьд их сайн кино болсон юм шиг байна.

Олон хүүхэдтэй аавын дүр үү?

Тийм ээ үнэхээр амьдрал дээр тийм олон хүүхэдтэй тэгээд гэр бүлийн аз жаргалыг мэдэрсэн хосууд цөөнгүй л байх. Сэтгэлд дулаахан сайхан дүр гэж боддог.

Хүмүүс хэр хүлээж авав?

Сүүлд Ларьдмад тоглочихсон чинь нөгөө “Гэр”-ийн сайн аав бараг байхгүй болсон шүү. /инээв/ Манай үзэгчид их ухаалаг, юмыг хүлээж авах талдаа сайн. Тийм болохоор нөгөө сайн аав маань гэнэтхэн гэр бүлийн хүчирхийлэгч, хартай нөхөр болоод ирэхээр шууд л шүүмжилсэн.

Олонд хүрсэн кино болж гэж дүгнэж болох нь ээ?

Тийм болоод л гадаа гудамжинд хүмүүс хараад эхэндээ ч жаахан эвгүй л байлаа. Хүмүүс харин ч сайн амтай байгаа. Өнөөгийн нийгмийн архидалт, хардалт гэсэн гэр бүлийн байнгын маргааныг Навчаа, Пүүжээ хоёртой сайн харуулж олон хүнд хүрсэн кино болсон юм шиг байна.

Эргээд киноныхоо тухай ярилцая.  “Ганцхан оноо” бүтсэн түүх?

Киноны гол үйл явдал нь Монголын боксын дасгалжуулагч Х.Магван, волейболын нэрт тамирчин Ц.Түмэндэлгэр, бэйсболын япон дасгалжуулагч Сэкинэ Макото, түүний хайрт гэргий Я.Солонго нарын бодит амьдрал, хайр дурлал, бэйсболын спортыг хэрхэн үүсгэн хөгжүүлсэн тухай өгүүлдэг. Дашрамд дурьдахад тус киног Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд 06-р сарын 15-нд Японы Токио хотноо болсон “Багшаа” буюу “Ганцхан оноо” киноны албан ёсны дэлхийн нээлтэнд МБҮХ-ны хүндэт ерөнхийлөгч Хакухо М.Даваажаргал оролцож, цаашид уг киног дэмжиж зар сурталчилгааны нүүр царай, элч төлөөлөгөөр ажиллахаар болжээ. Мөн удахгүй Японд болох өсвөр насны бэйсболын зөөлөн бөмбөгийн тэмцээнд оролцох Монголын тамирчдын багийн нэрийг “Хакухо” хэмээн нэрийдэхээр болсон.

Олимпийн өвөөгийн түүх гэлээ. Магван гуайн дүрд хэн тоглов?

Ер нь гол хоёр дүрийг Япончууд өөрсдөө сонгосон. Тэдний сонголт удаан нойр хүрмээр юм билээ. Гэхдээ харин ёстой нөгөө юм нүдээ олно гэдэг шиг яг тохирсон жүжигчид тоглосон шүү. МУГЖ жүжигчин Б.Жаргалсайхан, МУСТА С.Өлзийхүү, АЖ С.Сарантуяа, УГЗ Ж. Батбаяр ,японы залуу жүжигчид Ишида Такүяа, Мизүсава Шинго, залуу жүжигчин М.Мөнхчимэг, З.Отгонлхагва болон бейсболын холбооны Д.Мөнхбат, Б.Ууганмягмар, О.Өнөболд, С.Чинбат, Ц.Жавхлан зэрэг тамирчид гол ба туслах дүрүүдэд тоглосон 

Тамирчид тоглохоор кино сайн болно гэж үү?

Жүжигчдийг тамирчин болгох гэж хэдэн сар бэлтгэл хийлгэх үү харин тамирчдыг дасгал сургуултыг нь харж бичиж байгаад туслах дүрд хэдэн юм зааж өгөөд тоглуулах уу гэдэг дээр их ч тулсан. Тэгээд шийдэл нь тамирчдад урлагын талаар мэдлэг олгоод тоглуулах нь илүү хурданбайсан.

Багийн спорт гэлээ? Багийн спортын хамгийн жаргалтай мөч бол мэдээж ялалт. Харин “Ганцхан оноо” дутах?

Мэдээж энэ бол тэр их олон хүний, багийн гишүүдийн олон хоногийн хөдөлмөр ганцхан мөчид ганцхан оноогоор хожигдол болон хувирах аль эсвэл ялах ямар байдгийг мэдрүүлсэн бүтээл болсон. Олон санаатан оргон босдоггүй гэдэгтэй адил баг гэдэг нэг санаатай нэг хүн шиг нэгдмэл байж спортод ямар амжилт үзүүлдэгийг, ямар ялагдалыг хүлээдэгийг харуулсан кино болсон

Маргааш киноны нээлтэн дээр уулзъя баярлалаа


Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье Urlag.mn-ыг урлагийн бурхан ивээж явах болтугай

Ярилцсан Э.Цэнд-Аюуш