Оюутнууд аа, одоо биш бол хэзээ ч биш шүү
2015/09/02
Уншигч та ч гэсэн оюутан байсан шүү дээ. Бидний үеийн залуусын олонх маань оюутан байж, залуу халуун насаа хөгжил хөөр, баяр баясгалантай үдсэн. “Надад олдсон тэр сайхан цаг хугацааг дэмий зүйлд зарцуулан өнгөрөөсөн дөө” гэж халаглах хүнтэй олон л таарч байлаа.
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Манай оюутан, залуусын олонх нь “Сурахад хэзээ ч оройтдоггүй” гээд л чилийсэн дөрвөн жилийг амарч зугаалж, наргиж цэнгэсээр өнгөрөөчихдөг нь нууц биш. Гэтэл бид цаг хугацааг алдаж буйгаа хожмоо ухаардаг. Хичээлдээ суулгүй өнгөрөөсөн нэг цаг, бүтэн өдөр чи ямар ихийг сурч сонсохоо алддагийг эртхэн мэдэрч ойлгох нь чухал. “Дараа нь сурчихна, нөхөөд авчихна” гэсэн хэнэггүй зан олонх оюутанд бий. Өнөөгийн оюутан чамд л гэж хэлэхэд дараа сурч болох ч хий хоосон өнгөрөөсөн хайран цагаа хэзээ ч нөхөж үл чадна. Цаг хугацааны ямар их үнэ цэнэтэйг хэр эрт ухаарч, зүй зохистой ашиглаж сурна, төдий чинээ амжилтад хүрнэ. Цаг чамайг хэзээ ч хүлээхгүй. Тиймээс сурч боловсроход олдсон оюутан цаг хугацаагаа дэмий бүү алд. Сургуулиа төгсөөд ажил дээр гарахад чамд оюутан байхдаа цаг заваа зөв зохицуулан сурсан зүйл чинь л хэрэг болно. Хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг дахин сурахад хүрвэл бүр ихийг зарлагадаж, олон цаг зарцуулахад хүрнэ. Тиймээс хичээлийн шинэ жилдээ урам зоригтойгоор орж “Одоо биш бол хэзээ ч биш” гэсэн уриатайгаар олдсон жаахан цаг хугацааг сайтар ашиглахыг сануулах юун.
bolod.mn