Монголын "Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа "Улаан дэнлүүт асар", УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.

Шүүгчдийн 100 хувийн саналаар УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд түрүүлж, Монголд болох Олон улсын моно жүжгийн фестивалийг хааж тоглох эрхтэй боллоо. Мөн энэ уралдаанд “Чаплинд нулимс бий юу” уран бүтээлээр оролцсон залуу жүжигчин Г.Мишээлийг энэ фестивальд оролцуулахаар болов.

Ингээд уншигч танд УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэлийн хувийн зургаас хүргэж байна. Тэрбээр 2006 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. 

Д.Ана