Нэг л гоё цэцэрлэг
2015/09/03
Сэтгүүлч хүн бүр л байнга шинэ содон зүйлийг эрэлхийлдэг. Миний хувьд өнгөрөгч өдөр гэрэл гэгээтэй сайхан сэдэв олсондоо бяцхан олзуурхав. Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүн бүрийн толгойны өвчин болж ёстой уур бухимдлыг зэрэг зэрэг л хүргэдэг. Тэгвэл энэ их бужигнаан дунд сэтгэл уужруулсан нэг сайхан сэдэв олж бичих болсондоо олзуурхаад байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, би ямар ч реклам сурталчилгаа хийхийг зориогүй юм.
Сэтгүүлч хүний хувьд өөрийн мэдрэмжээрээ л үзэг цаас нийлүүлсэн хэрэг. Өнгөрөгч өдрийн үдээс хойш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн замын эсрэг талд байрладаг төмөр хашаатай гурван давхар цэмцгэр шар байшинд найзынхаа охиныг авахаар хүрэлцэн ирэв. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр цав цагаан өнгийн алчуурыг шаландаа эгнүүлэн тавьж, цэмцгэр улаан дэвсгэрээр гоёсон энэ байшин бол “Соёл “цэцэрлэг аж. Тус байшингийн үүдээр ороход, нүдэндээ инээмсгэлэл тодруулсан дунд эргэм насны бүсгүй намайг угтан авч “Сайн байна уу. Та улавч өмсөөд орно уу” хэмээн уриалгахан хэлэв. Миний хувьд энэ цэцэрлэгт анх удаагаа л зочилж байгаа хэрэг. Нэг ч багш танихгүй. Захирлыг нь зүс ч харсан удаагүй.
Цэцэрлэг үүднээсээ л их тохилог, эмх цэгцтэй, ая тухтай санагдав. Хувийн хэвшлийнхний нэг онцлог бол аливаа зүйлийг чин сэтгэлээсээ бүтээн босгож, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж чаддагт оршдог гэж боддог. Соёл цэцэрлэгийн үүдээр ороход яг энэ мэдрэмж төрж байсныг онцлох хэрэгтэй. Энд хүүхдийн цэцэрлэгийг хэрхэн иж бүрэн тохижуулах боломжтойг жинхэнэ утгаар нь харуулж чадаж. Өрөө бүр саруулхан, хүүхдийн тоглож наадах тоглоом хооллох бүх эд хогшил, ор хөнжил хэрэгсэл бүгд л маш чанартай харагдана. Бүр сэтгэл зүрхээ зориулан тохижуулсан нь илт.
Тохижилт бол маш чухал. Хүүхэд тоглох, зохистой хооллох, амрах, өөрийгөө хөгжүүлэх, суралцах бүх талын бололцоог тохилог, эрүүл аюулгүй орчинд л хүүхэд авч чадна. Тиймээс л тохижилтыг нэгдүгээрт эрэмбэлж бичээд байгаа юм. Үүний дараагаар энэ цэцэрлэгийн бас нэгэн онцлог бол сурах эрмэлзэлтэй, хүнлэг халамжтай, бусдыг хүндэлдэг, эелдэг дотно харилцаатай ирээдүйн зөв монгол хүнийг бэлтгэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг олон эцэг эхчүүдийн ярианаас сонсов. Тодруулбал, Соёл цэцэрлэг ардын урлаг, монгол ёс заншлаа хүүхдүүдэд зааж сургаж буй нь тодотгож дурдахгүй байхын аргагүй.Монгол ёс заншлаа зааж сургадаг сургууль цэцэрлэг ховордсон энэ цаг үед нэгэн ч гэсэн ёс заншлаа өвлүүлэхийг зорин хичээн ажиллаж буй нь нэн таатайгаас гадна хамгийн гол нь ирээдүйд зөв монгол хүн төлөвшин хүмүүжих үндэс суурийг тавьж байгаа нь нэн сайшаалтай, цэцэрлэг бүр ийм байгаасаа гэж чинь сэтгэлээсээ хүсмээр санагдав. Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг талаар сонин хэвлэл бичиж, энд тэндгүй л ам хуурайгүй ярьцгаадаг. Гэтэл сэтгэл зүрхээ зориулан монголынхаа бяцхан үрсийг сайн хүн болж төлөвшүүлэхээр хичээн ажиллаж буй хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн талаар төлбөр төлөхгүй л бол нэг ч үг унагадаггүй нь бидний дутагдал юм уу даа гэх бодол төрснийг нуух юун.
У.Хаш
Зочин · 2015/09/03
монгол заншлаа мартагдуулахгүй заана гэдэг чухал шүү