Монголын оюутны холбооноос  яг одоо Чингисийн талбайд тайван жагсаал хийж байна.  Жагсаалд  төрийн болох хувийн хэвшлийн оюутнууд оролцож байна. Нийтийн тээврийн  шинэчлэлийн хүрээнд цахим картаар оюутнуудыг  өдөрт хоёр удаа үнэгүй явуулах болсныг  эсэргүүцэн  тайван жагсаал хийж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.   

Жагсаалын үеэр Баянзүрх дүүргийн оюутны холбооны НБД, Их засаг их сургуулийн оюутан  парламентын дарга Д.Амарбат: “Өчигдөр буюу 2015-09-02-ны өдөр МОХ-ноос хэвлэлийн бага зарлаж, оюутнуудыг цахим картаар өдөрт хоёр удаа үнэгүй зорчуулж байгаа нь төлбөрийн дарамттай байгаа үед улам дарамтад оруулж байна. Нөгөө талаас Боловсролын тухай хуулийн 43.2.5, Авто тээврийн тухай хуулийн 12.2-т зааснаар Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутан, залуус том оврын нийтийн тээврийн хэрэгслээр цаг, чиглэл харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих ёстой. Энэ журам өөрчлөгдөөгүй байхад  нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд  өдөрт хоёр удаа үнэгүй зорчуулж байгаа нь сэлгэн суултаар л дуусчхаж байна.  Автобусны маршрут өөрчлөгдөж, богиносчихсон болохоор дамжиж явахад л дуусчхаж байна. Тэгэхээр оюутнууд  харихдаа  заавал мөнгөөр зорчих болчхоод байна. Үүнийг л  эргэж хар гэдгийг  ЗДТГ-т хандсан. Хариугаа  авахаар  шаардаж байна.  Өнөөдрийн хувьд тайван жагсаал хийж байна. Бид тэмцлээ үр дүнд хүртэл  эсэргүүцлээ илэрхийлэх болно.” гэдгийг хэлж байна.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 170 мянган орчин оюутан суралцдаг. Үүнээс 113 мянган оюутан смарт картаар нийтийн тээвэрт үйлчлүүлдэг бөгөөд тэдний 81 хувь  нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний хувьд сургуульдаа ирэхийн тулд  шинэчилсэн маршрутаар  1-3 дамжин сургуульдаа ирэх болоод байгаа юм. Их дээд сургуулиудын төлбөр их хэмжээгээр нэмэгдсэн, улс орон даяар эдийн засгийн хямралтай байгаа үед оюутнууд бэлэн мөнгөөр сэлгэн суух ямар ч боломжгүй тул ийнхүү эсэргүүцэж байна. Тиймээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийтийн тээврийн газрын дарга н.Энхбат, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нараас "Оюутан залуучууд өөрсдийн захиалсан "Смарт карт"-аараа Нийтийн тээврээр цаг, чиглэл харгалзахгүй үнэ төлбөргүй үйлчлүүлдэг байсныг хэвээр үлдээх"-ийг шаардаж байгаа нь энэ ажээ.  

Оюутны тайван жагсаалаас  бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.  

А.Баярмаа

С.Будрагчаа