Хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин Ш.Жавхланг хүүхэд шиг төрх, хөгжилтэй инээд нь илүү тодотгодог. Тэрбээр 2003 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш  “ТВ9” телевиз болон “МҮОНТ”-д дуу оруулагчаар ажиллаж байсан удаатай.

Харин “Маск” продакшиныг байгуулагдсан үеэс жүжигчинээр ажиллах болсон билээ. Жүжигчин Ш.Жавхлан  нэлээд эрх танхил харагддаг нь айлын бага аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөнтэй холбоотой. Тэрбээр тайзан дээр ч кинон дээр ч хөгжилтэй цоглог эмэгтэйн дүрд хувирах нь олонтоо. Жүжигчин маань  төгсөлтийнхөө  тайлан тоглолтын үеэр Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт  Анна Андреевна гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн нь түүний анхны дүр гэж болно. Түүнээс хойш тайз дэлгэцийн олон олон дүрд тоглосон байдаг.

            Тухайлбал, “Мамма миа ” мюзикл уран сайхны кино, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд” зэрэг киног нэрлэж болно.            Уран бүтээлч хүн бүрт бусдаас ялгарах  өвөрмөц гоёл байдаг. Тэгвэл олон нийт жүжигчин Ш.Жавхлангийн хамгийн том гоёл нь түүний хөгжилтэй инээд хэмээн үздэг. Тэрбээр  ямар нэгэн маскгүй өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай жүжигчин. 

Б.Хорлоо