Н.Удвал сайдаа, танд дуулгах үг байна. Эхчүүдээ дээдэлдэг таны гэгээн үйлс бадартугай. Энэхүү зовлонт Монгол ижийд өөдтэй хариу өгнө гэдэгт итгэж байна.

Мөнхбаатарын Ариунтунгалаг одоо 14 настай. Тэр сүүлийн таван жил хэвтэрт байгаа. 2008 оны 5 сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 9 настай М.Ариунтунгалаг охин олгойн хагалгаанд оржээ. Хагалгааг Мэс заслын тасгийн эмч Батхүүгийн Отгонбаяр хийжээ. Тухайн өдөр сувилагчийн баяр тохиосон учир Отгонбаяр эмч халамцуухан хагалгаанд орсон байна. Эндээс л энэ зовлонт охины эмэгнэлт хувь заяа эхэлжээ.   Эмнэлэгт дөрөв хоноод гэртээ гарсаны маргааш оройноос л энэ бүхэн эхэлсэн байна. Оёо нь цэвэрхэн сайхан эдгэж байх тэр үед охины бие гэнэт муудаж эргэн эмнэлэгт очжээ. Үзүүлтэл оёог нь задлан гуурс хийгээд 20 граммын тариураар шар өнгөтэй тариа шахаад байжээ. Ингэсээр хүүхдийн бие улам дордож эх охин хоёр Улаанбаатар руу ЭНЭШТ-д ирсэн байна. Эх нялхасын эмч нар тосч аван дахин хагалгаанд оруултал олгойг дутуу оёж охины хэвлийн хөндийд түүнийг өтгөн шингэн холилдсон байжээ. Үүнээс л болж М.Ариунтунгалаг охин таван удаа хагалгаанд орсон боловч хөл дээрээ босч чадсангүй өнөөг хүрчээ. Энэ хугацаанд охины ээж О.Даваасүрэнд яваагүй газар, уулзаагүй хүн ховор юм байна. Эрхэм сайд хатагтай Н.Удвал тантай ч гэсэн уулзаж байсан гэнэ.

 

ЭМЯ-ны үүдэнд сахиж зогсож байгаад тантай уулзаж, охиныхоо тухай бүхий л асуудлыг хэлээд, одоо Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай болчихлоо. 50 сая төгрөг хэрэгтэй байна, эмчилгээний зардалд яамнаас тусламж авч болдог гэнэ гэж учирлахад нь та “Өргөдлөө бичиг хэрэг дээр өгчих. Ийм тохиолдолд 5 сая төгрөг олгодог” гэж хариулсан байна. Гэвч 4 сарын 1-ний өдөр өгсөн өргөдлийн хариу даруй 45 хоногийн дараа буюу 5 сарын 15-ны өдөр гарсан боловч, эзэндээ ирэхгүй байсаар 6 сарын 20 өдөр болжээ. Ингэж төөрч будилж, танай ажилтны ширээн дээр хэвтэж байсан албан бичгийн хариуг танай Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Д.Мөнхбат мутарласан байна. Уг бичигт “Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай  иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг “Журам батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор зохицуулдаг. Уг тогтоолын дагуу Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 тоот тушаалаар “Гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалт”, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг батлуулан ажиллаж байна. Таны өргөдөлдөө дурдсан өвчний онош нь уг жагсаалтад байхгүй болно” гэсэн хариуг өгчээ.

Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэчихээд гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтанд байхгүй гэдгийн учрыг олохгүй л байна даа, сайд минь. Өвчин зовлондоо зүдэрсэн, шаналсан охиноо тэргэнцэр дээр суулгаад түрж яваа жирийн нэгэн Монгол эхэд одоо дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л болоод байгаа аж. Ерөнхийлөгчтэй хүртэл уулзах хүсэлт тавьсан гэх энэ эмэгтэй өнөөдөр хаашаа хандахаа мэдэхээ байжээ. Бүгд ямар нэгэн шалтаг хэлж хаалгаа хаагаад байхад  өөр хаачих ч билээ.

Гэхдээ бас сайхан сэтгэлтэй, сайн санаатай хүмүүс тусалжээ. МУГЖ Ж.Алтанцэцэг  өөрийн Pro sound студийн дуучдаа цуглуулан нэгэн оройны тоглолтыг энэхүү зовлонт охинд зориулсан байна. Энэхүү тоглолтонд яруу найрагчдад ч бас оролцжээ. Дээрээс нь Дорноговь аймгийн төвд байдаг хашаа байшингаа зарж эмчилгээний зардлаа цуглуулж байгаа хэдий ч охины эмчилгээ даах биеийн байдал улам доройтсоор байгаа юм байна.

Охинд хагалгаа хийсэн Б.Отгонбаяр эмчийг Дорноговь аймгийн сум дундын шүүх  2 сая 190 мянгаар торгоод л өнгөрөөжээ. 50 сая төгрөг хэрэгтэй байхад 2 сая төгрөг хэдий хэрийн зардал болох вэ. Б.Отгонбаяр эмч эхлээд миний буруу ахыгаа уучлаарай гэж байсан бол одоо миний буруу бишээ гээд пээдийж байдаг. Шударга л байя даа гээд уриалдаг Монгол улсын Ерөнхийлөгчид ч гэсэн энэ хамаатай байх гэж бодож байна.

Ариунтунгалаг охины мөрөөдөл нь “Хүүхдийг алдаатай эмчилдэггүй эмч болмоор байна” гэж хэлэх нь элэг эмтэрмээр. Хагалгаа хийх болгонд сэмж, нарийн гэдэс хоёрыг нь тайрдаг байна. Одоо охины ээжийн хэлж байгаагаар бол охин бараг сэмжгүй болжээ. Охин 5 удаа хагалгаанд орсон бөгөөд нэг удаагийн хагалгаанд 40 см гэдэс тайрсан гэсэн бичгийг одоо ээж нь цүнхлээд явж байна. Дэгэж дэрвэж, үеийн охидтойгоо дээс, чиртаа тоглох насан дээрээ энэ охин сургууль соёлгүй, эрүүл мэндгүй азгүй нэгэн болон хувирчээ. Хувь хүмүүс албан байгууллага гээд олон л хүн тусалж байгаад ээжийн сэтгэл баяртай байгаа боловч хором мөч бүхэнд бие нь доройтон сульдаж байгаа охиноо хараад өөрийнхөө азгүй хувь заяанд л гомдож уйлдаг гэж эхийн хоолой сааралтана.  Охин зүгээр ч бас орондоо хэвтэхийг хүссэнгүй өөрийгөө аврахын тулд шорлог нь чихэр хийж нэг ширхэгийг мянган төгрөгөөр заруулдаг гэнэ. Шорлог нь чихэртээ улайрч шөнийн 23 цаг хүртэл хийгээд ухаан алдаж унан ээжийгээ мөн л айлгасан байна.

Амьдралд ийм их хайртай байгаа энэ зовлонт охинд сайдаа та туслаач. Тэр айхтар тогтоол шийвдэрээ нэг эргэж хараач. Өнгөрсөн сарын гаруйн хугацаанд сонгууль гээд та завгүй л байсан байх. Гэхдээ одоо сонгууль дууссан. Харин наадам дөхөж байна. Энэ охин наадмын наана Солонгос улсыг зорих ёстой юм байна, сайд аа! Та сайдын хувиар шийдвэр гаргаж болохгүй байгаа бол ядаж Монгол эх хүний хувьд энэ зовлонт охинд туслана уу!

 

Б.Биндэръяа