Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн эс үгүй. Улагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн тэрбээр1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн.

Залуус түүнийг “Драмын дөрвөл” хамтлагийн гишүүн гэдгээр нь илүүтэй таньдаг.  Авъяаслаг залуус зөвхөн цомог гаргаад зогсолгүй 1990-ээд оны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулж, нэгтгээд тоглолтоо хүртэл толилуулсан удаатай.

Түүний бүтээл, хөдөлмөрийг үнэлэн Байгууллагын тэргүүний уран бүтээлч, МЗХ-ны Тэргүүний алтан медаль, МУСТА цол олгосон нь түүний ур чадварын царыг харуулна. Жилдээ ганц удаа болдог “Гэгээн муза” наадмаас жүжигчин С.Болд-Эрдэнэ 2003 онд шилдэг эрэгтэй жүжигчин, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийн  дүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан билээ.  Одоогоос гурван жилийн өмнө ээжтэйгээ хамтдаа "Алтан гадас" одонгоор шагнуулсан.

Тайзны бүтээлүүдээсээ гадна “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг”, "Үргээлэг", "Амьдрах тасалбар", "Анчид", "Удирдагч" зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн авьаслаг жүжигчин.  Ганц сайхан кино хийх юм сан гэж мөрөөддөг тэрбээр өөрийн мөрөөдлөө биелүүлж "Хөлтрөг" хэмээх киногоо найруулж үзэгчдийн хүртээл болгосон нь өндөр үнэлгээ авсан.  Түүний бага охин нь энэ өдөр хоёр нас хүрлээ. Ингээд орчин үеийн Гамлетийн гэр бүлийн зургийг сонирхуулж байна.

О.Ариун