Долоо хоногийн "онцлох үйл явдлын багц"
2015/09/05
Энэ долоо хоногт манай улсад олон үйл явдал болж өндөрлөлөө. Уншигч та бүхэндээ "онцлох үйл явдлыг тоймлон багц" мэдээг хүргэж байна.
Улс төрд энэ долоо хоногт нэлээдгүй үйл явдлууд болж өндөрлөв. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчсөн гэх Л.Гансүхын хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчээр оролцсон. Гэвч шүүх хурал нь хойшилсон билээ. Мөн зургаан сайдын нэрсийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн барьж, ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа.
НИТХ-ын төлөөлөгч тус бүр 27 сая төгрөгөөр тансаглав уу?
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэж 45 нөхөр нийслэлчүүдийн өдөр тутмын асуудалд анхаарал хандуулан цалин цаваг аван долоо хоног бүр “хэрүүл хийх” ажилтай. Тэдгээр нөхдүүдийн хувьд хэрүүлээ ч хийдэг, өөрсдийгөө ч 27 сая төгрөгөөр эрхлүүлдэг байна. Үүнийг Ерөнхийлөгчийн баталсан шилэн данс гээч зүйл нотолчихов.
НИТХ-ын төлөөлөгчид улирал бүр 13 500 000 төгрөгийн урамшуулал авдаг ажээ. Энэ жилийн хувьд урамшууллаа 2015 оны 7-р сар 3-ны өдөр 1,2-р улирлын мөнгө болох 27 000 000 төгрөгийг нэг дор бөөнд нь авсан байна. Ингэхдээ 35-р захирамжийн дагуу авсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй баримтыг энд дарж уншаарай.
-Н.Алтанхуяг: Зохиомол хэрэг үүсгэсэн, хэрэг үүсгэхэд гол гүйцэтгэсэн гэрчүүд нь ирсэнгүй
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа багагүй мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад буй Л.Гансүх нарыг хэргийг шүүх хурал энэ сарын 02-нд болох байсан боловч шүүгдэгчийн талаас хүсэлт гаргасны дагуу есдүгээр сарын 10-ийг хүртэл хойшлуулсан юм. Шүүх хурал Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон албан тушаалтнууд байгууллага аж ахуй нэгжийн удирдлагууд бүгд гэрчээр оролцох болсон. Н.Алтанхуяг энэ үеэр "Зохиомол хэрэг үүсгэсэн, хэрэг үүсгэхэд гол гүйцэтгэсэн гэрчүүд нь ирсэнгүй. Багануурын уурхайг хохирсон гэж дүгнэлт гаргасан хүмүүс нь ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаан хойшиллоо.Захиалгаар, зохиомол хэрэг үүсгэсэн гэрчүүд нь зугтаад ирээгүй байтал Л.Гансүх нарын гурван хүнийг цагдан хорьчихлоо. Энэ бол Монгол шоронжсон улс болсоны илрэл" гэв.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдын нэрсийг өргөн барилаа-
Зургаан сайдыг томилон хэлэлцэх хугацаа ирэх даваа гаригт дуусах байсан. Тэгвэл Ерөнхий сайд өчигдөр үдээш хойш Засгийн газрын зарим гишүүдийг томилох тогтоолын төслийг өргөн барилаа.
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг,
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг,
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Нийгэмд Вагонд "шинэ иргэн мэндэлжээ" Есдүгээр сарын нэгэнд Дорноговь аймгийн харьяат н.Батцэцэг гэх эмэгтэй галт тэргэнд мэндэлж 3.7 кг хүүтэй болсон билээ. Тэгвэл хүүд Б.Ган-Эрдэм гэж нэр өгсөн юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарын хэлж буйгаар Б.Ган-Эрдэм хүү төмөр замын 66 жилийн түүхэн дэх галт тэргэнд мэндэлсэн 70 дахь хүүхэд болжээ. Тиймээс өчигдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар Ган-Эрдэм хүүд 18 нас хүртэл галт тэргээр үнэгүй зорчих эрхийн бичгийг гардуулсан юм.
Өршөөлийн хуулиар 82 мянган иргэн жолооны үнэмлэхээ сэргээн авна. УИХ-ын чуулганаар гэмт хэргийн болон эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсан. Тэгвэл энэ сарын 03-наас эхлэн гэмт хэргийн өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн юм. Ингэснээр 1700 гаруй хүн чөлөөлөгдөж, 300 хүний ял хөнгөрөх юм байна. Харин үлдсэн 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй аж. Ингэснээр өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавигдсанаас бусад зүйл, заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх, Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, түүнчлэн хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болж байгаа юм.
Уг хуульд энэ оны долдугаар сарын 02-ноос өмнө цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, жолооны үнэмлэхийг нь сэргээн олгоно гэсэн заалт бий. Тэгвэл энэ заалт хэзээнээс хэрэгжих талаар "ЦЕГ-ын лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат "Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулах комиссоос бидэнд чиглэл өгөөгүй байна. Гэхдээ манайд хуулийн заагдсан хугацаанд эрхээ хасуулсан нийт 82 мянган хүн бүртгэлтэй байна. Энэ хүмүүс бүгдээрээ өршөөлийн хуульд хамрагдана" гэсэн юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.4 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712.6 тэрбум төгрөгөөр бага байна. Мөн төсөв энэ оны долоон сарын байдлаар 580 тэрбумаар тасарсан гэж С.Баярцогт дуулгав. Манай улс төсвөө 88 хувийг татвараар, үлдсэн 12 хувьд татварын бус орлогоор бүрдүүлдэг тул нэр бүхий татварын тасралтууд хүчтэй нөлөөг үзүүлж буй юм.
Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл: А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долдугаар сарын гүйцэтгэлээр 3,142.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14.6 хувиар буюу 535.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 162.3 тэрбум төгрөгөөр бага.
Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 оны 7 дугаар сарын байдлаар 5,029.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,780.7 тэрбум төгрөгийн буюу 75.2 хувийн, улсын төсвийн зарлага 3,569.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2,608.2 тэрбум төгрөгийн буюу 73.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 623.6 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарсан билээ. Тэгвэл олон нийт төсвийн алдагдал нөхөгдөх нь хэмээж байна. Учир нь замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийн тухай шинэ хууль баталж энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар "торгоно" гэсэн заалтыг цагаан дээр хараар тодоос тод бичсэн бий. Тэгвэл өчигдрийн байдлаар 2331 хүнд 41сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн шалгалтаар 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Хууль хэрэгжиж эхэлснээр жолооч нарын 90 хувь нь хамгаалах бүсээ зүүсэн нь бол хажууд сууж яваа зорчигчдын 40 хувь нь үүргээ биелүүлж буйг онцлох нь зүйтэй. Дээрх торгуулийн байдлыг харахад энэ эрчээрээ явбал "төсвийн алдагдлаа хурдан нөхөх нь" гэв.
Соёл урлагт Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монголын драмын урлагийн хөгжилд тэр дундаа Моно жүжгийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж “Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд Эрдэнэт хотын ХЗТ-ын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээр, Уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн Фауст жүжгээс сэдэвлэсэн “Book” жүжгээр, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцсоноос жүжигчин Б.Одгэрэл шүүгч нарын 100 хувийн саналаар тэргүүн байрыг эзэлж, Олон улсын фестивалыг хааж тоглох эрхийг авлаа. Харин шүүгч нарын саналаар Эрдэнэтийн театрын залуу жүжигчин Г.Мишээлд уг фестивальд оролцож өөрийн бүтээлээ тоглох эрхийг нэмэлтээр олгосон юм.
Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангалаа. Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Өчигдөр 60 кг-д Д.Отгондалай Узбекстаны боксчинг хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа