Бүсгүй заяа ба Харийн бэр
2015/09/07
Яруу найрагч Хулганайн Тэргэл
Бүсгүй хүн цагаан зээр хоёрыг нутаггүй гэх. Харийн бэр болж одогсод өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ч зарим нэг зүйлийг ялгаж салгаж харах нүдтэй болох хэрэгтэй мэт. Миний суугаа Америкт бол ихэвчлэн хүүхнүүд бичиг баримтны төлөө хөгшин, бүдүүн, залуу, хар гээд янз бүрийн л хэлбэр дүрстэй Америк эрийг сонгох .Мөн мөнгөөр тохиролцож хуурамчаар гэр бүл болж бичиг баримт авах нь ч байх. Зарим нэг нь үнэхээр ч хайр сэтгэлээрээ амьдралаа холбох. Аль нь ч байсан би хувьдаа тэднийг адлаж биш ойлгож харахыг хүсдэг хүмүүсийн нэг. Учир нь энэ хоёр шалтгаан хоёулаа л хүндэтгэх шалтаг, шалтгаан мөний учир. Гэхдээ болж өгвөл Монгол хүүхнүүд маань гайгүй шиг зэрэг зиндаа, дэвтэй аятайхан гадаадын эртэй учирч, кофе цайг нь чанаж байгаасай гэж хүсдэг юм. Ингэж хэлэхээр мэдээж өөдөөс юу гэж зиндаа гайгүй цагаан арьстан Монгол хүүхэнтэй суух юм бэ гэж хэлэх хүмүүс их байх л даа. Гэхдээ байгаасай гэж мөрөөдөж, хүсэх эрх надад бас үүнийг унших танд бий. Уулын мод урттай богинотой учир хэдий эрлийз хүүхэдтэй ч, хүүхэд нь төрлөх Монгол хэлээрээ чөлөөтэй сайхан ярьж сургасан нэгэн гайхалтай сүрхий Монгол ээжийг ч харж, таарч л явлаа. Хүний газар хоёр Монгол хоорондоо суусан атал хүүхэд нь Монгол хэлгүй, өөрсдөө ч олигтой хэлгүй атал Англиар ярилцаж ойлголцож, хэл нэвтрэлцэх хүмүүс ч бий.Бурхан минь энэ бол асар том толгойн өвчин, санаа зовних асуудал шүү. Бичиг баримтны төлөө харийн хүний өврийг сонгохдоо тэр бүсгүйчүүд ихэнх нь үр хүүхдээ дэргэдээ авчрах зорилгоор л гэрлэдэг буй заа. Олон ч зүйл дээр ажиглагдаж байдаг, учир нь Монгол эр гадаад хүүхэнтэй суусан бол магтагдаж, харин гадаад эртэй суусан Монгол хүүхэн адлагддаг. Энэ ариун явдал уу? Ямартай ч цусаа бузарлалаа, энэ тэр гэж буруутгах хүмүүс захаас аваад буй ч эрлийз хурлийз ч гэсэн эх нь хүн шиг хүн бол чи Монгол хүн гэж үргэлж сануулж, бас Монгол хэлийг нь зааж, яриулж, бичүүлж сургах тийм ухамсартай хүүхнүүд бишгүй байж л байгаа, бас байгаасай гэж найдна. Тиймээс бүгдийг буруутгах шаардлагатай гэж үү? Сэтгэл гэгч жолоо цулбуур үгүй эд. Миний эсвэл таны охин хожмын нэг өдөр харийн бэр болох эсэхийг хэн ч үл мэднэ. Ер нь тэгээд ч заавал Монголдоо байж, заавал Монгол хүнтэй сууж байж жинхэнэ Монгол хүн болдог ёстой юу?!? Би бол үгүй гэж хариулна. Гэхдээ харийн эрийн цайг чанагч бүсгүйчүүд маань эх оронч байгаасай л гэж би хувьдаа боддог, бас хүсдэг. Учир нь харийн хүнтэй гэр бүл болоод харийн орны иргэний паспорт өвөртөллөө ч тэр хүн Монгол хүн биш болчихдог гэж би төсөөлж ч чадахгүй юм. Заяа тавилан гэдэг өөрөө ч заримдаа жолоодож болдоггүй амаа авч давхидаг эд билээ л. Монгол эрчүүдээ голж гоочилсондоо ч биш хувь тавилангийн зургаар эсвэл аргагүйн улмаас харийн бэр болдог бүсгүй заяаг яллаж, өөлж, муулж муутгаж биш эерэг талаас нь харцгаая. Эцсийн бүлэгт тэд амьдралаа, ах дүүсээ нэг айл өрхийг, гэр бүлээ л өөд татах гэж, арай л дээр амьдрал мөрөөдөн харийн хүнтэй гэрлэдэг биз ээ . Зарим нь түүндээ хүрдэг, зарим нь үгүй. Бүр эсрэгээрээ зовлонгийн далайд живэх нь ч бий. Амьдрал гэдэг харагдаж байгаа зураг шигээ байдаггүйн учир хөөрхийс минь үнэхээр жаргаж ч яваа юм уу, бусдаас нуун уйлж ч яваа юм билүү, хэн мэдлээ. Учир нь би, та далдыг харах увдистай биш шүү дээ. Уулын мод урттай богинотой учир Монголд маань ч сайн, муу эр байдагын адилаар харийн эрчүүд дотор ч ялгаагүй сайн, муу бүгд байгаа. Тиймээс гуравхан саяулаа байх цөөхөн Монголчуудын маань бүсгүйчүүл харийн эрийн өрх татваас хамгийн сайн, сайхантай нь таарч, хатан мэт хайрлагдаж амьдрах болтугай. Харин хатны ч харцын ч амьдралаар амьдарсан хаанаас эхтэй хэн билээ би гэдгээ үл мартан санаж явах болтугай. Бүсгүй хүн амьдралын маш олон зүйлийн эхлэл байдаг юм шүү. Тиймээс үр хүүхдээ эх оронч, сайн сайхан хүн болгоё гэж бодож хүсэж байвал эмэгтэй хүн бүр хаанахын ч, хэнтэй ч ямар ч шалтаг шалтгаанаар гэр бүл болсон, болдог бай Монгол гэсэн зургаан үсгийг өөрөө ч тэр хүүхэддээ ч тэр хүндэтгэл, хайр дүүрэн мэдрүүлж сурга . Эх орноо хийгээд өөрийгөө хэрхэн хайрлаж хүндэлж байгаа хирээр чинь харийн эр нөхөр, хадам эх эцэг тань чамайг дүгнэж, бас чамтай хэрхэн харьцахаа шийднэ. Бусад хүн юу ч гэж байсан сэтгэл зүрхэндээ бахархах эх оронтойгоо үлдэх, амьдрах сайхаан. Харийн бэр болсон Монгол хүүхэн бүгд муу, мулгуу бишээ. Тэдний дотор өчнөөн сайхан сэтгэлтэй, зүстэй, эрдэм чадалтай нь олон бий. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг ч яг үнэндээ бүсгүй хүн үр хүүхэд, эр нөхрийнхөө эх орныг заагч, амьдрал чиглүүлэгч алтан гадас одон лугаа агуу билээ . Эмэгтэй хүн бүхнийг өөрийн ухаан, хүслээр болгох эрхэм шид бүрэлдсэн элдэвтэй улс билээ л. Тиймээс харийн бэр таны саруул ухаанд найдаяа. Махан бие нь харийн нутагт байж, харь хүний өврийг бүлээцүүлэх ч сэтгэл зүрхээ, бас эрлийз хүүхдүүдээ Монголын төлөө цохилох зүрхтэй болгож хүмүүжүүлэх тийм л ухаан сэтгэлтэй байх аваас харийн бэр таныг чичлэж биш, сүслэж явах олон Монгол хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
Wisconsin. Beaver Dam хот. 2009 (Номын хэсгээс авав)
zochin · 2015/09/12
teneg huuhen
Зочин · 2015/09/08
Бүрэн тэнэгтэл. Монгол нутагт хүн үлдэхгүй болох алхам биздээ. Эзэн нь болж амьдарч чадахгүй бол битгий бусдыг уруу тат
Зочин · 2015/09/07
Монгол ээжийн ямар ч аавтай хүүхэд МОНГОЛ хүмүүжилтэй болж өснө. Энэ бол гарцаагүй. Харин Монгол аавтай гадаад ээжийн хүүхэд гадаад л хүмүүжилтэй өсдөг. Олон жишээ бн даа. Тийм биздээ !!!
Зочин · 2015/09/07
hair setgeld hilii hizgaar bdaggui orchin ni iim bolson hugjiltei orond amidarch bj tarhi ni huduugeeree huuhen be undes ugsaa bish hun gedeg utgaar ni oilgooch
Зочин · 2015/09/07
MINII BODOLOOR MONGOLCHUUD XARID SUURIN AMIDARSAAR 20-IOD JIL BOLJEE. DAGAJ OCHISON XYYXED NI 10-TAI BSAN GEJ TOOTSVOL BARAG 35 XYRCH BAIGAA YM BNA. TEGVEL TER ZALUU, BYSGYI NAR TUXAIN ORNIIXOO XYNTEI GERLEJ YR XYYXDEE USGUJ AMIDRAX NI JAM BIZ DEE. TEDNIIG XELEEGYI BAILGYI DEE.