Ирэх 2016 онд тохиох АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж мэргэжлийн болон сонирхогчдын фото зурагчдын дунд зарласан “Урагшлах замд” (On the go) уралдааны бүтээл хүлээн авах хугацаа 2016 оны есдүгээр сарын 13 хүртэл сунгагдлаа.

Ази-Европын сангаас зохиож буй уг уралдаанд ирүүлэх гэрэл зургууд нь хоёр тивийн амьдрал, хөгжлийн хэв маягийг харуулсан “Урагшлах замд” сэдвийн хүрээнд байх бөгөөд АСЕМ-ийн гишүүн бүх орны мэргэжлийн фото зурагчин, сонирхогчдод нээлттэй.

Бүтээлийг онлайнаар хүлээн авах ба шүүгчдийн бүрэлдэхүүнд Лазаллийн урлагийн коллежийн Путнам кино урлагийн сургуулийн тэргүүн Гисли Снэр, Сингапурын олон улсын гэрэл зургийн наадмын захирал Гвен Ли, мөн авьяаслаг гэрэл зурагчин Стефен Чоу зэрэг мэргэжлийн туршлагатай хүмүүс ажиллаж байна.

Оролцогчдоос хоёр гэрэл зурагчинг шалгаруулж Сингапурын Лазаллийн урлагийн коллежид мэргэжил дээшлүүлэх эрх олгоно. Мөн уралдаанд ирсэн шилдэг 20 гэрэл зургийг сонгож, ирэх 11-р сард Люксембургт болох АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтын үеэр үзэсгэлэн гаргана. Уг үзэсгэлэнг Белги, Сингапур Улсад болон 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтын үеэр олны нийтийн хүртээл болгох аж.  Гэрэл зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.asef.org/onthego сайтаас авах боломжтой.