Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ардчилсан Хувьсгалын удирдагчдын нэг Ц.Элбэгдорж улиран сонгогдоод удаагүй байна. Тэрээр энэ сарын 10-нд тангараг өргөх бөгөөд өөрийн мөрийн хөтөлбөрт багтсан олон зүйлийг шууд хэрэгжүүлж эхэлсэн билээ.


Тэгвэл Баянзүрх дүүргийн иргэн М.Бямбажав тэргүүтэй хэсэг иргэд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нээлттэй захидал илгээн, хүсэлт тавьсан байна.  Тодруулбал Ардчилсан Хувьсгалын Удирдагч Санжаасүрэнгийн Зориг, МАХН-ын дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Дарга асан Жамбын Батмөнх нарт “Улсын баатар” цолыг нэхэн олгохыг хүсчээ.

 Тэрээр захидалдаа : “Монгол оронд Ардчилсан хувьсгал ялахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, ард түмнийхээ өмнө түүхэнд мөрөө үлдээсэн сайхан хүмүүсийн эр зориг мөнхийн гавьяаг бид мартах учиргүй, Хүнлэг, ардчилсан нийгмийн төлөө амь эрсдэн хохирсон С.Зоригийн хэрэг заавал илэрнэ гэж Монголын ард түмэн олон жил найдаж, одоо ч хүлээсээр байна. Тэр аймшигт хэргийн ул мөр тодоос тод, амьд гэрч, баримт нотолгоо нь байсаар атал яагаад илрэхгүй байгааг үнэндээ ойлгохгүй байна. Энэ хэргийг илрүүлэх нөхцөл боломж, урамшуулал шагналыг бодож үзмээр. Ардчилалын алтан хараацай, ард түмний хайртай хүү С.Зоригдоо Улсын баатар цол нөхөн олгоё.

 Бүх ард түмний дахин сонгогдсон Ерөнхийлөгчөөсөө бид үүнийг нэг мөр шийдээсэй гэж хүсч байна.  Хулганы хамраас цус гаргалгүй хувсгал хийсэн гэж манайхан ярих дуртай. Тэгвэл Ж.Батмөнх гуай хүнд хэцүү тэр үед ямар их үүрэг, гавьяа байгуулсныг санаж Монгол төрийн тэргүүн байсан Жамбын Батмөнх агсанд ч “Улсын баатар” цол нэхэн олгож болохгүй юу гэж Ерөнхийлөгчөөсөө асуумаар байна.

 Өнөөдрийн энэхүү сайн сайхан нийгэм цогцлоход энэ хоёр хүний үүрэг роль ямар их байсныг бид өнөөдөр мартах учиргүй” гэжээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгч ч уг саналыг ихэд дэмжиж буй бололтой.

Э.Мягмар