БНСУ-тай хамтран залуучуудын манлайллыг хөгжүүлнэ
2015/09/08
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний залуучууд судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Ро Хюүк нар Залуучууд судлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ.
Тус санамж бичгийн хүрээнд Монгол, БНСУ-ын хооронд залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм байна. Мөн талууд харилцан туршлага солилцох, залуучуудад чиглэсэн судалгаа, төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, эксперт, залуучууд, мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Мөн санамж бичигт гарын үсэг зурах үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний залуучууд судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Ро Хюүк “Солонгост залуу хүнд тулгамддаг асуудлуудыг анхааралдаа авахаас илүүтэйгээр залуу хүн нийгэмдээ хэрхэн баяр хөөртэйгээр оролцох уу, яаж нийгэмтэй зохицон ажиллах уу гэдэгт түлхүү анхаардаг. Тиймээс хамгийн түрүүнд залуучуудтай холбоотой бүхий л судалгааг хийж, залуучуудын манлайлал, хоёр улсын залуучуудын харилцааны чиглэлээр арга хэмжээ авахыг хүсч байна” гэдгээ ч илэрхийлсэн юм.