Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган” боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм. Эдгээр сумд нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед задран хуваагдсан түүхтэй.

            Ганга нуурын чуулганы үеэр жороо болон хос морьтны үзүүлбэр, марзай дуудах гэх мэт Дарьганга адууны соёлыг танилцуулах үзүүлбэрүүд, Дарьганга нутгийн ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт, Дарьганга дархчуудын гар урлал, Дарьганга нутгийн өв соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Эрдэм шинжилгээний хурал, түүнчлэн гэр буулгах, шинэ нутаг сонгох, гэр барих, нүүдэл тосох, шинэ нутагтаа идээ будаа өргөх зэрэг НҮҮДЛИЙН ЁСОН гэхчлэн  сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байлаа.

            БОНХЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, "Соёл, яруу найргийн академи", “Нью Жуулчин Турс” компани хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нээж, үг хэлэхдээ "Ганга нуурын чуулган бол дэлхий даяаршиж, өв соёлууд бүдгэрч байгаа энэ цаг үед нутгийн, тэр дундаа Дарьгангын соёлыг Монгол Улсдаа төдийгүй дэлхий даяар сурталчлах зорилготой арга хэмжээ юм. Дэлгэсэн үзмэрүүдийг үзэхэд бидний бага нас, аав ээжийн маань ахуй амьдрал бодитоор харагдаж байна. Ямар ахуй соёлыг бид өөрсдөө ч мэдэлгүйгээр тээж байгаагаа олж харлаа." хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа. Тэрээр цааш нь хэлэхдээ "Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр буй бүх өв соёлын зургийг авч, бичлэг хийн, хадгалж хамгаалах ажлыг хийж байна. Морин хуураа залж, монгол соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ арга хэмжээг хутагтын өлгий болох Дорноговийн Хамрын хийдтэй холбох, тойрон аялал болгох талаар ч мөн хөндөж байна." гэсэн юм.

            Мөн "Ганга нуурын чуулган"-ыг санаачлагч, зохион байгуулагч, ивээн тэтгэгч, “Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аялал жуулчлалын гавъяат Ш.Нэргүй "Нутгийн иргэд маш их сэтгэл гарган оролцож байгаад баяртай байна. Энэ арга хэмжээ цаашид зүүн аймгууд болон хил залгаа аймгуудыг хамарсан, олон улсын шинжтэй ивэнт болно гэдэгт итгэж байгаа. Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл нүдэн дээр сэргэж байгаад маш их баяртай байгаа. Энэхүү аж амьдралыг маань сонирхож олон гийчин ирэх болтугай." хэмээн ерөөл өргөлөө.

            Энэхүү арга хэмжээг санаачлагч, зохион байгуулагчдын нэг, "Соёл, яруу найргийн академи"-ийн тэргүүн, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо "Өнөөдөр дэлхий даяар нэг юмыг маш хүчтэй хүлээн зөвшөөрч байна. Миний гарт байгаа энэ гар утаснаас эхлээд эргэн тойронд байгаа тэр олон машин гээд бүгд технологийн дэвшил. Гэвч хүн төрөлхтөн өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхдээ шинжлэх ухааны гэхээс илүүтэй ардын мэдлэгээр дутагдаж байгаагаа ухаарлаа." гэдгийг онцлон дурдсан юм.

            Ганга нуурын чуулганы үеэр Эд өлгийн соёл, Урлагийн тоглолт, Хос морьтны үзүүлбэр, Жороо морины үзүүлбэр, Дэл засалт, Дарьганга марзай, Зохиомжит жүжигчилсэн тоглолт зэргээр сумд өрсөлдөж, нэгдсэн дүнгээр Халзан сум тэргүүлж, Дарьгангачууд удаалан, Онгон сумынхан гутгаар байр эзэлллээ.