Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч” шалгаруулах тэмцээн явагдаж байна. Мөн Хил хамгаалах байгууллагын 2015 оны зорилт, “Эрүүл чийрэг-хилчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс гэрээт хилчдийн бүрэлдэхүүний цэргийн мэргэжил, албаны ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилготой  шилдэг гэрээт хилчин шалгаруулах тэмцээн давхар явагдаж байна.

Хил хамгаалах байгууллага улсын хил хамгаалалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Энэ ч үүднээс Монгол орны өнцөг булан бүрт хилээ манаж буй хилчдийг эхний шатанд ангид нь, дараагийн шатанд бүс бүсэд нь цуглуулан өрсөлдүүлснээс ХХБ дээр эцсийн шатанд шалгарсан шилдэг 15 ахлагч, шилдэг 10 гэрээт хилчин, 25 эмэгтэй ахлагч нар цэргийн хэргийн, урлагийн авъяас чадвар, марш тактик гэхчилэн олон төрлүүдэд өөрсдийгөө бэлтгэн өрсөлдөж байна. Улсынхаа хилийн тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй хилчид бие бялдрын хувьд өв тэгш байж, албандаа манлайлагч байхын тулд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг нь энэхүү тэмцээний хүнд хүчир даалгаваруудаас харагдаж байна. Хилчид зөвхөн бие бялдараараа ч биш гадаад хэл, хууль дүрэм, компьютер гэхчилэн нийгмийн хөгжилтэй зэрэгцэн алхаж буйгаа энэ тэмцээний шалгаруулалтаар харууллаа. Ид залуу насандаа эцэг эх үр хүүхэд найз нөхдөөсөө хол, алс нутагт хилээ манах үүргийг хүлээсэн эх орончид маань тав хоногийн турш өрсөлдөж, шилдгээ тодруулах юм. Тэмцээний ялагчийг ХХБ-ын офицерийн эгнээнд элсэн орох, дотоодын их дээд сургуульд суралцах зэрэг олон шагнал хүлээж байгаа аж.