“Х ТҮЦ” продакшины жүжигчин алаг нүдэн Одноог танихгүй хүн үгүй гэхэд болно. Учир нь тэрбээр  1989 онд УБИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш урлагийн тогоонд “чанагдсан” нэгэн.

Тэрбээр уран бүтээлийн гараагаа “Хүүхэд залуучуудын театр”-аас эхэлж байсан бөгөөд 1991 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн байдаг. Харин 2000 оноос хошин урлагтай холбогдож өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар явна.

Олноо хүндтэй түүний бүтээлүүдээс дурьдвал,  “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн юм.

Тэрбээр мөрөөдлөө биелүүлж чадсан чадварлаг жүжигчин. Учир нь түүний мөрөөдөл кино бүтээх байсан бөгөөд “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” кинонуудыг амжиллтай найруулж мөрөөдлөө биелүүсэн гэдэг. Мөн “ODNO`s talk show” нэвтрүүлгийг бэлтгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэрбээр зочидтойгоо элдэв хачиргүй сонирхолтой ярилцлага өрнүүлж аль хэдийнэ өөрийн үзэгчидтэй болсон билээ.  

Ингээд хошин урлагийн томоохон төлөөлөлд зүй ёсоор багтдаг олноо “Алаг нүдэн” хэмээн өргөмжлөгдсөн гавъяат жүжигчиндээ ажил амьдралын өндөр амжилт хүсье.

Б.Хорлоо