​Сар гаруйн хугацаанд нийгмийн анхааралд байсан Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, сая нэг наадмын уур амьсгалтай золгож байна. Хэдийгээр наадмын уухай хадаж, улстөрийн амьдрал унтаж буй мэт боловч, улстөр дотооддоо дажинтай байна.

Монголын ууган улстөрийн хүчний залуу лидерүүд намын дотоод шинэчлэлийн асуудлаар дорвитой дуугарч, өвөгчүүлээ буланд шахахаас эхлээд улстөрийн дуу чимээ наадмын уухайд үл дарагдах шинжтэй. Үүнээс томоохон ажил бол эрх баригч намын дотоод асуудал их л эгзэгтэй үедээ иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор удирдуулсан Засгийн газрыг унагах ажиллагаа хэдийнээ эхэлсэн аж. Угаасаа хоорондын харьцаа тийм ч сайнгүй, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хамтын ажиллагаа ингэсхийгээд дуусч байгаа бололтой. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгууль угтан Ц.Элбэгдоржийн эсрэг гэмээр хэд хэдэн ажиллагаа явуулав. Хэргээр ч юм шиг. Ерөнхий сайдын хувьд өнөөх л хууль бус үйлдлээ хэний ч зааваргүйгээр хийж байв. Энэ бүгд нь Ц.Элбэгдоржийн сонгуульд сөргөөр нөлөөлж байсныг уншигч олон санаж байгаа байх. Тэр хэрээр Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнд байн байн дургүйцлээ илэрхийлэх болсныг эх сурвалж хэлж байна. Засгийг унагах Ерөнхийлөгчийн багт шадар туслахаар Ардчилсан намын Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан хүчний холбоо гэх хүчирхэг хоёр фракцийн толгойлогч байгаа гэхээр хэнд ч аюултай сонсогдох байх. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн зүгээс Х.Баттулгад нэгэн санал илгээсэн тухай ойрын эх сурвалж шивнэв. Тэрээр Х.Баттулга, З.Энхболд нарт баяр наадмын дараа Н.Алтанхуягийг буулгаж авах ажилд орно шүү. Бэлтгэлтэй байгаарай гэсэн тухай мэдээлэл ирүүлсэн тухай яриа бий. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрын тэргүүнээр Х.Баттулга сонгогдох магадлал тун өндөр байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар хариуцлага алдсан ямар ч сайд дарга нарт нударганы амт үзүүлнэ хэмээн иргэдийн өмнө бачуурч явсан Ц.Элбэгдорж дахин сонгогдсоныхоо анхны ажиллагааг Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар эхлэх бололтой. Н.Алтанхуягт хариуцлага тооцно гэх юм бол учир тоймоо алдсан хэрэг болно. Бүгдийг нь тоочиж хариуцлага хүлээлгэх юм бол УИХ бүү хэл Монгол Улсад багтахааргүй их зүйл гарч ирэх нь дамжиггүй. Тэгэхээр түүний хууль бус үйлдлүүдийн захаас нь авч хэлэлцэхэд л хангалттай биз ээ.   

Б.Өлзийт