УДЭТ-т гурван Ганаа бий. Том Ганаа нь “Жинжиймаа” киногоор бидэнд   танигдсан  жүжигчин МУСТА Д.Ганцэцэг. Түүнийг театрынхан том Ганаа хэмээн дууддаг аж. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ үлдээсэн билээ.

          Харин “Увс” Ганаа буюу Д.Ганцэцэгийг “Өдөр өдрийн нар” киноны Агиймаагийн дүр,  “Аравт” киноны  Өнөмөнхлэйн дүрээр нь  бид андахгүй. УДЭТ-т хоёр Ганаа байхад түүнийг жижиг Ганаа хэмээн дууддаг байсан ч жүжигчин А.Ганчимэг театрт ажиллах болсоноор “жижиг” хэмээх тодотголоо “Увс” Ганаа нэрээр сольжээ. Учир нь “Хэцүү анги”-ийн Зулаа нэрээр танигдсан жүжигчин А.Ганчимэгийг “жижиг” Ганаа  хэмээн нэрийдэх болсоноос тэр. 

            Тэрбээр нэгэнтээ монголжуу төрх минь надад Өнөмөнхлэйн дүрийг бүтээхэд нөлөөлсөн байх хэмээн онцолсон байдаг. Ийнхүү Увс нутгаараа овоглосон жүжигчин Ганаа маань зун бүр нутагтаа амран, эрч хүчээр дүүрэн ажилдаа ордог гэнэ. Дашрамд сонирхуулахад тэрбээр СУИС-ийг жүжигчин, уртын дууч мэргэжлээр төгссөн бөгөөд хүн найранд гурван дуутай байх хэрэгтэй хэмээн нэгэнтээ онцолсон нь бий.

Б.Хорлоо