Зуданд алдсан шархаа зундаа наадмаар нөхөж байна
2013/07/03
Их хотын дуунаас түр ч атугай холдож мал малчин хоёртой ханьсан 22-ын товчооноос холгүйхэн төвхөнөсөн жинхэнэ хөдөөгийн иргэдтэй хөөрөлдөж суусаар ирэв.
Өтөг бууцны үнэр хотын гэгдэх улаан шугамыг давуут л хамар цоргих нь цаанаа л сэтгэлд хачин ойрхон юм. Тэгэвч өнөөх тал дүүрэн бэлчих таван хошуу малаас хонь, ямаа нь наадмын сургаар хүзүү, хөлөө дөнгөлүүлчихжээ, эздийнхээ гарт.
Манай төрийнхний юм л бол өнөөх хэдэн малчдаа гэсэн бодлого хүрээнээсээ тэлэв үү, хүрэх ёстой нэгэнд нь ашиг тусаа өгөхгүй байна уу, юутай ч тэдний нэлээдийг төлөөлөх хэсэгтэй цөөн хором ярилцав.
Тэд хотын баруун хэсэг 22-ын товчооноос нэг их холдсонгүй буйр засчээ. Зуншлага сайхан болж байна хэмээн биднийг угтсан тэд өвөлдөө хэдэн малаа зуднаар тавиад тууж байхаар зундаа наадам угтуулж зараад хэдэн төгрөг болгох нь зүйтэй юм хэмээцгээж байна.
Малыг амьдаар нь авах сонирхолтой иргэд машин унаатайгаа тэр хөндийгөөр нэлээд ирж байна гэнэ. Ямартаа л Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Э.Баатарсүрэн “Махны үнэ хот хөдөөгүй нэмэгдчихсэн ийм байхад кг-ын мах авч байхаар цувдай, толгой, шийр, арьс гээд унацтай. Өнөөдөр нийслэлийн хүнсний захуудад хонины мах кг нь 8000-аас эхэлж байна. Хонины гулууз махыг ойролцоогоор 23 кг гэж бодоход 190-ээд мянган төгрөгөөр авах болно. Харин хонийг амьдаар нь 130-260 мянган төгрөгөөр худалдаж авахад ихээхэн ашигтай байна. Тэрүүхэн хэсгээр яваад харна биз. Увс, Өвөрхангайн Тарагт, Булган, Төв аймгийн Эрдэнэсантаас ууцан сүүлт, илүү нугаламт, мярнуусан сүүлт гээд олон үүлдрийн хонь ирсэн байна. Хотынхон ч мал танихдаа сайн болж. Шилж сонгоод л баяр наадмын шинэ шөлнийхөө “юм’’-ыг авцгааж байна. Тууж ирсэн мал замдаа саяын орсон бороонд цохиулж зутарсан. Харин машинд ачиж авчирсан нь тууврын малыг бодвол өнгөлөг, тарга тэвээрэг сайтай байна” гэлээ.
Бодлоо... хотынхон л хөдөөгийнхөн хэмээн цоллодгоос бус тэд хотжижээ. Улс төр, нам хоорондын бужигнаан, бондын мөнгөний зарцуулалт, мал махны үнэ ханш, эрэлт хэрэгцээ, цагдаа хүчнийхний ааш аяг, хотын бөглүү, түгжрэл, орон сууцны үнэ ханш гээд тэдэнд хотынхны мэддэг мэдээллийн тойргоос гадуур үлдсэн асуудал алга.
Бүгдийнх нь талаар мэтгэлцэж ам уралдан ярьж өөр өөрийн гаргалгааг хийж сууна. Энэ бол шинэ цагийн мэдээлжсэн малчдын нийтлэг дүр төрх байна. Арга ч үгүй юм уу даа. Мориор хэдэн өртөө дамнан давхилддаг байсан тэд малаа мотоциклоор тууж гэрийнхээ гадна 1-3 төрлийн машин сойтлоо өөрчлөгдчихсөн юм чинь. Энэ хэрээр
тэдний нийгэм, улс төрийн ахуй байдлыг харах нүд ч нээгджээ.
Малчин Э.Баатарсүрэн ирээд гурав хонож байна гэнэ. “Хонио машинд ачиж ирлээ. Тууврын хонины мах амт муутай болчихдог юм. Махны үнэ тэнгэрт хадаад байгаа учир бид зах зээлийн үнээр л малаа борлуулж байна. Хотод мал бэлчээх газар хомсхон байна. Аль болох ногоо бараадуулаад сууж байна даа. Даанч хөөгөөд байх юм. Уг нь 22-ын товчооноос дотогш хэтрээгүй юм чинь хориглох хэрэг байхгүй баймаар. Бид энд таваас илүү хонодоггүй. Хонь минь ч бараг шилэгдээд дуусч байна. Хэд гурав үлдвэл бөөндчихнө дөө. Эсвэл буцаагаад аваад явна. Малаа зовоохгүйн тулд энд удаан байх аргагүй” хэмээн хотынхны уур амьсгалтай эвэлж сууна билээ.
Харин өөрийгөө Сүхбаатар аймгийн малчин С.Давааням хэмээн танилцуулсан 40 орчим насны хар хүн “Би өчигдөр өглөөний зургаан цагт 40 хоньтой ирсэн. Харин цагдаа нар мал оруулахыг хориглосон гээд Налайх руу хөөгөөд байна. Хотынхон Налайхад очиж мал авна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор гүрийгээд байж байна. Уг нь нийслэлийн ногоон бүсэд малчдыг оруулчихвал махны үнэ буурна. Махны үнэ өндөр байгаа үед наадмынхаа хонийг амьдаар нь авчихвал...." гэж байх юм.
Монголчуудын уламжлалт баяр наадам “маргааш” болно. Нар хур тэгширсэн энэ зуны наадам сайхан болно гэж олон түмэн ч ам сайтай байна. Хаа газар наадмын бэлтгэл хангагдаж, хэний морь түрүүлж, хэн гэдэг хүчтэн цол нэмэх бол гэж хүлээгээд л...
Хөгшид хүүхэдгүй дурладаг наадмын хуушуурын тухай яриа амнаас ам дамжаад эхэлчихэж. Энэ л үед “Наадмын хонь”-д нийслэлийн хаяанд ирчихжээ.
Хүн машины хөдөлгөөн ч нэлээд байна. Зарим нь ганц хонь авах гэж хэдэнтээ эргэж тойрч үнийг нь жаахан яриач хэмээн малчдыг шалаад зогсчихож байгаа бол махны ченжүүд л байхдаа гэмээр портер маркийн машинтай нэлээд хэсэг улс хэдэн арваар нь ачаад явах дүр зураг ёстой л эсрэг тэсрэгийн нэгдлийг харуулах шиг.
Юутай ч Ерөнхийлөгчийн сонгууль, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын эхний зургаан сарын хүүнд төлсөн 35 сая ам.доллар, 17 тэрбумын хэргүүд гэх мэт нийгмийг давалгаалуулсан мэдээллүүдийг нэг хэсэгтээ л мартуулах наадам айсуй гэдгийг батлах шиг шинэ шөлний хоньд бэлчээрээ сэлгэж “22-ын товчоо”, “Баянзүрхийн товчоо”-д тулаад иржээ.
Хонь, ямаагаа тарга тэвээргээс нь хамаарч 120-260 мянган төгрөгийг хооронд зарж буй малчин ах тэрүүхэндээ л хөөрхөн улс төржинө. Ямартаа л “Үгүй ээ, тэр бонд гээчийг чинь зам засахдаа хэрэглээд байж болохгүй л гэх юм. Сая манай улсын мөнгөний авдар Сангийн яам хүүнд нь айхтар мөнгө төлчихөв шүү. Гэтэл ямар ч өсөлтгүй зам руу булчихаад байх юм. Мэдлэг боловсрол маруухан гэгддэг манай хөдөөгийнхөн л өсдөггүй мөнгөнд өрх гэрийнхээ баялгийг барьцаалчихаж дээ хэмээн халагладаг. Бид чинь ер нь зурагт, араажаваараа л мэдээллийг авчихна. Ингэж байхаар тэр хүүнд төлсөн мөнгөөр өнөөх өндөр ашиг шимтэй үнээ, мал авчихвал бэлчээрийн даац хэтэрч мах сүүгээ өндөр үнээр авахгүй байх гэж бодох юм. Маниасаа дээр ухаантай нь л Ерөнхий сайд болдог байлтай" хэмээн матаж, магтахын заагаар үглэж байхав.
Ийнхүү бяцхан улс төржсөн яриагаар биднийг үдсэн малаа зарсан малчдын “хот”-ноос хөдөлж хотын зүг жолоо залав.
М.Мөнхтунгалаг