Монгол улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн нэг хэсгийн 6, УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4-р зүйлийн  2-т заасныг тус тус үндэслэн  Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг  УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн  барихаар өнгөрсөн  сараас эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсаар байгаа билээ.

Одоогоор уг тогтоолын төсөлд  Г.Уянга, Ц.Даваасүрэн,  Х.Болорчулуун,  С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Ж.Энхбаяр нарын  10  гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэгдэж буйгаа твиттер хуудсаар мэдэгдлээ. Тэрбээр "Би биш бид зурна" гэсэн юм.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах болсон шалтгаан нь, АНЭУ-д айлчлах үеэрээ  Оюутолгойн орд газрыг  ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон  өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид  Монгол улсын  Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн  ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь өөрөө огцрох үндэслэл хэмээн Г.Уянга гишүүн үзэж буйгаа төсөлдөө тусгажээ.

Хэрвээ 20 орчим УИХ-ын гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм.