Д.Энхтөгс: Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү
2015/10/05
Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнхөөс сурвалжлага бэлдэж явахад уулзсан хүн бүр бахтай, үг яриа бүрийг нь баярын инээмсэглэл дагадаг болох нь анзаарагдав.
Тэд өмнө нь ямар байсныг мэдэхгүй ч лав өнгөрсөн долдугаар сараас хойш ийм байгаа бололтой. Тэгээд ч Хэнтий нутагт наадмын чимээ саяхнаас л намжиж байгаа ажээ. Улсын арслан Э.Оюунболдын алдрыг тэмдэглэх баярыг баг, сум, аймаг нь тус тусдаа хийсэн нь энэ гэнэ. Төрсөн баг болох Өмнөдэлгэр сумын Хэнтий баг наймдугаар сарын 10, Хэнтий аймаг наймдугаар сарын 13, Өмнөдэлгэр сум есдүгээр сарын 1-нд улсын арслантай болсноо тэмдэглэжээ. Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны орой Өмнөдэлгэр сумын иргэд бүгд машин, мотоциклио асаан сумаа гороолж баярлалдсан тэр эрчээрээ энэ зун, намрын турш л хөл хөөр болцгоосон байна. Намрын ажил, хичээл сургуулийн цаг болтол Хэнтий аймаг тэр дундаа Өмнөдэлгэр сумын иргэдийн дунд улсын баярын бөхийн барилдаан халуун сэдэв хэвээрээ байсан гэж байгаа. Монголчууд олимпийн алтан медаль хүртэхэд яалаа, яг л тийм үйл явдал долдугаар сарын 12-нд тэнд давтагдаж баярын тэр шокноос хэнтийчүүд одоо ч бүрэн гараагүй мэт. Хэнтийн АН, МАН-ынхан шинэ арслангаа булаацалдах хандлага бас байгаа л бололтой.
Нутгийн иргэд ийн баярлаж байхад улсын арслан Э.Оюунболдын ээж А.Алимаасүрэн хүүгээ аймгийн арслан, улсын харцага, арслан болоход нь нулимс унагаагүй. Сүүлд Хэнтий багийн иргэд хүүгийнх нь алдрыг тэмдэглэхэд л анх баярын сувд хэлхжээ. “Яагаад. Хүүгээ төрийн наадмын түрүү бөх болсон гэдэгт Хэнтий багийнхан чинь хүлээж авахад л итгэж байгаа хэрэг үү” хэмээн хошигноход гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн түлээ оруулах зуураа “Юу гэж дээ. Хамгийн их баярласан хүн нь би байх. Гэхдээ бөх үзнэ, хүүгээ барилдахыг харна гэдэг чинь тэс өөр зүйл байдаг юм билээ. Хамаг сэтгэл хөдлөлөө барилдаж байхад нь гаргачихаад давчихаар нь тайвширчихаж байгаа юм. Тийм болоод ч тэр үү яагаад ч юм тухайн үед уйлаагүй юмдаг. Хамгийн их санаа зовж яах бол доо хэмээн хүлээж байсан барилдаан нь энэ наадмын дөрвийн даваа. Тэгэхэд найз Ш.Мөнгөнбаатартайгаа тунаж барилдсан юм. Нэг нь цолонд хүрчихсэн, нөгөө нь цол ахих зорилготой болохоор өөрийн эрхгүй яах юм бол доо гэж бодогдсон шүү” хэмээнэ.
Эндээс улбаалан цолны найрааны тухай сэдэв рүү бидний яриа эргэлээ. Э.Оюунболдын аав Д.Энхтөгс найраа гэдгийг байж болохгүй үзэгдэл хэмээнэ. Яахав цол авах сонирхолтой олон хүн байдаг бол цолондоо хүрчихсэн бөхчүүд ч байгаа. Ингээд л эдийн засаг, санхүүгийн асуудал болдог биз гэсэн дүгнэлтийг тэрээр бас хийнэ. Улсын арслан Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймагт арслан болдог наадамд аавтайгаа хамт очжээ. Тэд халаасандаа 200 мянган төгрөгтэй. Хүү нь цол авах зорилготой. Гэлээ ч өөрийнхөө ур чадварыг мэдээгүй залуу байсан учраас байн байн “яах бол” хэмээн босч суухыг нь Д.Энхтөгс гуай анзаарчээ. Тэгээд хүүгээ зандарч бас захиж “Тайван л барилд. Миний хүү цолыг хэзээ ч гуйж авдаггүй юм шүү” хэмээн сургажээ. Аав, хүү хоёр Хэнтий аймгийн 2012 оны баяр наадмын өмнө иймхэн байсан ч тэр өдрүүдийн барилдаанаар Э.Оюунболд аймгийн арслан болж анхны цолоо авсан түүхтэй. Энэ зуны улсын баярын үеэр ч найрааны тухай яриа энэ гэр бүлийг тойроогүй сурагтай. Нэг ёсондоо нутгийн ах нар нь улсын заан цолонд хүрэх мөнгийг нь гаргая гэсэн санал тавьсан бололтой. Э.Оюунболд энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг ааваасаа л асууна. Д.Энхтөгс гуай ч эрс татгалзаж “Хүн өөрийнхөө хүч тэнхээнд тохирсон амжилтаа л үзүүлдэг. Цолыг, тэр дундаа улсын цолыг худалдаж авна гэж юу байхав” гэхэд хүү нь ч үгнээс зөрөлгүй өөрийнхөөрөө барилдсан нь оносон ч байж мэдэх. Хэрвээ шийдвэрийг эсрэгээр нь гаргасан бол даваа нь ханачихаж мэдэх байсан гэж одоо ч бөхчүүд, бөх судлаачид ярьдаг ажээ.
Яриа үргэлжилсээр 2015 оны улсын баярын үзүүр, түрүү булаалдахын өмнөх сэтгэгдэл, үйл явц, тэр мөчийн тухай хөөрөлдлөө. Олон ч хүн “Монгол Улс нэг туургатай ч гэлээ дотроо аймаг болон задардаг. Увс нуур дууг сүүлийн хэдэн жил сонслоо. Энэ жил Хэнтийн сүлд дуу Төв цэнгэлдэхэд хангинавал сайхан байна. Тайван, өөрийгөө болоод өрсөлдөгчөө мэдэрч барилд гэж Оюунболдод хэлээрэй” гэсэн мессежийг найз нөхдөд нь ирүүлсээр байсныг эцэг, эх нь сүүлд мэджээ. Наадмын өмнөх өдрүүд энэ гэр бүлд бүр ч тод дурсамжийг үлдээсэн байна. Аймгийн начин Д.Энхтөгс эхнэр А.Алимаасүрэн, охин Э.Оюунсувдаа дагуулан Улаанбаатар орж хүүгийнхээ барилдахыг харахаар Өмнөдэлгэрээс хөдөлжээ. Явдлын далимаар хэдэн мал зарж мөнгө хийх санаа өвөрлөн машиныхаа тэвшин дээр хэдэн хонь холбочихож. Бас болоогүй “Юмыг яаж мэдэхэв” гээд зодог шуудгаа бүсэлсэн байна. Долдугаар сарын 7-ны орой хөдөлж 8-ны өглөө Налайх руу орж иржээ. Ачиж ирсэн хонь малаа өлдүүлэхгүйн тулд өвс ногоо хазуулахын зэрэгцээ шөлний хонь хайж яваа нэгэн таарвал тохирсон үнээр ганц нэгийг нь зарсан шигээ байтал үд хэвийж. Тэр үед Э.Оюунболд Сүүж уулын бэлтгэлээсээ бууж Төр хурахад багш, улсын начин Б.Адъяахүү, штангийн багш Б.Хосбаяр болоод бусад бөхчүүдийн хамт байрлаж байсан байна. Аав, ээжийгээ ирснийг сонссон Э.Оюунболд ч төд удалгүй давхиж ирээд мал зарах ажилд нь тусалжээ. Зарагдаагүй хонио ч хариулан гүйж харайж байтал гар утсанд нь завсар чөлөөгүй дуудлага ирсэн нь багш нар, найз нөхөд, нутгийнх нь ахан дүүс байсан бөгөөд түүнийг хаана байгааг сураглан залгасан нь тэр. Э.Оюунболд ч үнэнээ хэлэн “Налайхад хонь хариулж явна” гэтэл бөөн хэрэг мандаж. Хүн бүр л “Барилдах гэж байж чи яасан саваагүй хүүхэд вэ” гэх мэтээр анхаарал хандуулсан нь мал зарж мөнгө болгохоор ирсэн Д.Энхтөгс гуайн зорилгыг тасалдуулахад хүрчээ. Тэрээр “Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү. Харин сүүлд хүүд минь нутаг усны ахан дүүс халуун хошуутай мал олныг өгсөн. Одоо ах нь хүүгийнхээ малыг хариулсан шигээ л явна даа” хэмээн нээлттэй, цагаахнаар өгүүлж сууна.Түүнтэй хүүгийнх нь тухай, Э.Оюунболдын амжилт, ирээдүйн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Хүүгийнхээ малыг хариулж явна гэлээ. Улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдэд томоохон бэлэг ирдэг нь нээлттэй болсон. Бэлэг өгсөн бусад хүмүүсийг дурдалгүй өнгөрч болохгүй байх?
-Миний муу хүүд олон ч сайн хүн тусалж дэмжиж, хань болж явна даа. Заавал хэнтийнхэн гэхгүй аймаг бүрээс найз, ахан дүүстэй болчихож. Сайхан л байдаг юм. Юуны түрүүнд энэ хүмүүст байнга баярлаж талархаж явдгаа хэлэх хэрэгтэй байх. Хүү минь өдий зэрэгтэй явахад энэ хүмүүсийн тус дэм их. Яахав хүн зон бэлэг дурсгал өгч л байдаг бололтой. Амьдрал ахуйд нь ч сайнаар нөлөөлж байгаа. Хэнтий аймаг, Эрдэнэт үйлдвэр, Ч.Энхтайван, Их засаг сургуулиас байр бэлэглэсэн. Түрүү бөхийн унаа гэж ч ирсэн. Олонтой явах, олны талархлыг хүлээх ийм сайхан юм даа.
-Б.Бат-Эрдэнэ аваргатай сайн яривал садан төрөл юм байна. Хүүд чинь тус дэм болно биз?
-Зааж сургадаг гэсэн. Тэр их хүнээр заалгаж, зөвлүүлж, сургаалийг нь сонсоно гэдэг бас том завшаан шүү. Хүүг минь тоож зөвлөгөөгөө хайрлаж яваа нь таатай л санагддаг юм.
-Танай удмынхан ачих мэх хийдэг гэсэн. Танай хүү энэ мэхийг хэр хийдэг юм бол?
-Биднээс дээш барилдаж явсан хүмүүсийн маань нэр нь хүртэл “ачаа” гэх болсон. Би ч нэг муу ачдаг санаатай. Хүн надад зааж өгөөгүй. Нэг мэдэхэд л ийм мэхтэй болчихсон байсан. Би ч хүүдээ зааж өгөөгүй. Миний муу хүү хааяа нэг ачиж байгаа харагддаг юм. Өнгөрсөн жил улсын заан М.Өсөхбаярыг, дээхнэ Л.Лха-Очирыг нэг аччихаж байгаа харагдана билээ. Бас тэр бүхэн хийгээд байдаггүй юм билээ.
-Хүүгээ яаж барилдана гэж бодож байв?
-Цолоо батлаасай гэж хүсч байлаа. Баталчихаар нь цаашаа явах юм байна гэх бодол орж ирсэн. Ц.Содномдорж харцагтай долоогийн даваанд таарч заан болоод Б.Гончигдамба гарьдтай наймын даваанд тунаад цаашаа өгсч барилдсан. Бэлтгэл сургуулилт сайн байсных болов уу.
-Та зодоглохоор очсон гэв үү. Яаж барилдсан билээ?
-Би нэгийн даваанд Ш.Мөнгөнбаатарынд хүүтэйгээ очоод байтал дуудаад байсан. Нэрээ бичүүлснээ бодоод бас улсынхаа баярыг хүндлээд очих гэсэн ч үнэхээр амжаагүй. Түүнээс хойш цэнгэлдэхэд дээлийг нь бариад л сууж байлаа. Зургаагийн даваанд баруун асарт халуун савтай цай бариад очдог юм. Би гэлтгүй манай аймгийн бөхчүүд тэнд очсон. Б.Адъяахүү начин ч тэнд байсан.
-Үзүүр түрүү булаалдахаар гарахад нь та юу гэж захив?
-Ер нь бол яах бол доо гээд л хүлээдэг юм билээ. Миний муу хүү ч өөрөө дайчин сайн барилдсан даа. Би ч гарахад нь юм захисангүй. Багш нар нь битгий их яараарай. Тайван барилддаг юм шүү гэж захиж байсан.
Адъяахүү, Батбаяр начин, Одхүү начингаас гадна аймгийн арслангууд олон байсан.
-Хүүгийнхээ ирээдүйг хэлж, ярихыг цээрлэдэг бололтой. Гэхдээ ер нь шинжинэ биз?
-Ер нь явж л байгаа нь энэ. 2012 онд аймагт түрүүлээд тэр жилдээ хоёрын даваанд Ц.Мягмарсүрэн зааныг орхиж гурав дээр Д.Лхагвадорж начинд унасан санагдана. Тэр жилээс барилдаан нь задарсан даа.
-Ер нь аймагт ч тэр улсад ч тэр барилдахдаа ам авахаар болбол тантай зөвлөх үү?
-Саяхан Б.Соронзонболд зааныг амлаж авчихаад уналаа гэсэн. Ер нь ам авна гэдэг их төвөгтэй. Ахмад хүн авчихвал загнана, залуу нь занана. Тийм учраас ам авахдаа учрыг нь сайн хараарай гэж л захидаг юм.
-Өнгөрсөн баярын учраа бөх, ам авалт, туналтуудыг нь яаж харж суув?
-Гуравт хэнийг авах вэ гэж байсан. Өөрөө мэд дээ, аймгийн начин, арслан, заанууд байгааг хэлсэн. Тэгээд Өвөрхангайн П.Ганхүү начинг авсан байсан. Дөрөв дээр Ш.Мөнгөнбаатартай таараад тав дээр аймгийн арслан М.Бадарчийг авсан байсан. Зургаа дээр Э.Дашийг амлана билээ. Долоо дээр хэнтэй тунах гэдэг л байсан. Гэтэл Ц.Содномдоржтой таарсан ч сайхан л барилдсан. Уг нь Ц.Содномдоржид хэд хэд уначихсан юм шүү. Бас Р.Пүрэвдагва начинтай хэд дээр тунах бол гэж байтал дөрөв дээр унасан. Ам авахад нь гайгүй тунах юм уу, оноолт тааруулахад л сэтгэл их чилдэг юм.
-Та өөрөө ингэхэд сүүлийн хэдэн жил ямар амжилттай байгаа хүн бэ?
-Би 2013 онд сумынхаа ойгоор шөвгийн дөрөвт үлдэж Болдоо хүү маань түрүүлсэн. Бас 2012 онд нэг удаа түрүүлсэн. Одооноос жаахан морь оролдож байгаа ч түрүүлж, айрагдуулж үзээгүй ээ.
Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгсийнд саатан хуучлахад ийм сонин, ийм хууч яриатай. Гэгээлэг, нээлттэй нэгэн гэр бүл юм. Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар мэндтэй угтсан шигээ сүүтэй үдлээ. Энэ гэр бүлийн цаашдын зам, ажил үйлсэд сайн сайхныг ерөөе.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн
hehe · 2015/10/27
duu ni ahtaigaa ih adilhan bna shuu
Зочин · 2015/10/06
сэтгэгдэл бичсэн хүмүүс тамын тогооны амьдарлаасаа ангижраач
Зочин · 2015/10/06
Kh ts naadamaas soningui nairnaas uur yavdalgui hags zerleguud
Зочин · 2015/10/05
Мэдрэл муутай улс тэгжхөөрөлхдөг юм. Манай Архангай хамгийн олон хүчтэнтэй,аварга заан гарди төрж л байдаг ингэж олон сараар тэнэгтдэггүй
Зочин · 2015/10/05
Hentiihen odoo bolimoor yum daa. Bagaaraa, Sumaaraa, Aimgaraa tusdaa temdegleed baihdaa yahav dee. Yamar olimpiin avargatai bolson bish. Bi Hentiinh gehdee arai l yas havtalzmaar bna shuu. Havtgairuulj temdeglesen bna shd.
Сайхан монгол ... · 2015/10/05
Алтай