"My Voice" шоу үзэгчдийн хүртээл болоход ганцхан хоног үлдлээ
2015/10/09
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт залуу авьяастнуудыг амжилтанд хүрч, уран бүтээлээ хийх анхны шат болсон "Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" уралдаан өмнө нь хоёр удаа зохион байгуулагдаж, олон арван авьяастныг уран бүтээлийн зам сонгох боломжийг нээж өгсөн.
Энэ удаагийн наадам "My Voice" хэмээн нэрээ өөрчлөн шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос, дэлхийн өнцөг булан бүрээс дуулах хүсэл сонирхолтой оролцогчид "My Voice"-ийн тайзнаа өөрийгөө сорьж, авьяастай эсэхээ шүүгчдийн өмнө шалгуулж байна.
Тус наадмын нэг онцлог нь монгол эх хэлээрээ дуулах, харин ач холбогдол нь монгол дууны аялгуу, үгийн яруу тансагийг монгол туургатан улс үндэстэнд сурталчлах, үнэхээр авьяастайг нь урлагийн тавцанд гарч ирэхэд нь цаг хугацаа, бэрхшээл саадыг туулах замналыг товчлох хэмээн тодорхойлж болох юм.
Олон авьяаслаг залуусыг шүүн тодруулна гэдэг өндөр мэдрэмжтэй хүний хийх том хариуцлагатай ажил байдаг. Тэгвэл энэхүү эрхэм ажлыг “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат нар үүрчээ.
“My Voice” наадмын телевизийн шоу нэвтрүүлэг маргаашнаас эхлэн бямба, ням гараг бүрт үзэгчдийн хүртээл болох юм.