Ирэх онд долларыг 2030 төгрөгт барина хэмээв
2015/10/12
С.Бямбацогт "Байнгын хороон дээр санал явагдаагүй учир завсарлага авлаа"
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.
Өршөөл үзүүлэх тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг өмнө нь тав хоногийн завсарлага авсан. Тэрбээр "Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хоригт тусгагдсан хэсэгчлэн тавьсан зүйл, заалт нэг бүрээр нь санал хураалгах ёстой. Ингэж санал хураалгах процесс байнгын хороон дээр явагдаагүй учраас байнгын хороо дахин үргэлжлэн хуралдаж энэ асуудлаа шийдэх ёстой гэдэг үндэслэлээр завсарлага авсан" тайлбарлав.
Ч.Сайханбилэг "Тавантолгойн ажлыг эхлүүлж, Оюу-толгойг үргэлжүүлнэ. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд цомхон бүтэцтэй ажлаа хийнэ"
Ерөнхий сайд Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн орлогыг бодитойгоор тооцох; “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ гэж тооцох; “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцох; УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдсэнээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх зарчим баримталсан гэв.
Мөн 2016 оны төсвийн жилд нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 5,137.7 ам.доллар байхаар байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4.0 хувиас илүүгүй байх ёстой. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувь болохоор байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байх ёстой. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд туссан Засгийн газрын шинээр авах зээл, гаргах үнэт цаас, өрийн баталгаа, тэдгээрийн эргэн төлөлт болон Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг оруулан тооцсоноор 2016 оны эцэст Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 54.4 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа аж.
2015-2016 онд хэрэгжүүлж байгаа төсвийг бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах бодлогын хүрээнд зарим томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай болж байгаа. Тиймээс төрийн захиргааны байгууллагууд, ялангуяа яам, агентлагийн чиг үүргийн давхардлыг арилгах, эдийн засгийн хүндрэлийн үед цомхон бүтэцтэй ажиллах үүднээс яамдыг шинэ бүтцийн дагуу шинээр зохион байгуулж Засгийн газрын зарим агентлагийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах саналыг төсөвт тусгасны дагуу холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулжээ.
Тухайлбал, одоо байгаа 15 яамыг 2016 оны 8 дугаар сарын 01-нээс хойш 9 болгож цөөрүүлэх, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн зарим агентлаг, газар, сангуудыг татан буулгах, заримыг нь нэгтгэн зохион байгуулах, яамдын дэд сайдын орон тоог цомхотгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тооцож холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг боловсруулсан тухайгаа онцолсон юм.
С.Болор "Ам долларыг 2030 төгрөг байлгана"
Ирэх онд тэтгэвэр тэтгэмжийн тухайд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Харин төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудлыг 2016 онд үргэлжлүүлэхээр тусгасан. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан нөхцөлд цалин хөлсийг нэмэх асуудлыг ярих боломжтой. Ажлын давхардлыг арилгах арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлэхийг төсөв захирагч нарт үүрэг болгосон. Төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 15 хувиар бууруулахар төсөлд тусгасан. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарт ямар нэг таналт хийхгүй гэдгийг хэллээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан.
Яамдаас ирүүлсэн санал, зураг төсвийг нь үндэслэн ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр тусгасан, эдгээр барилга обьектыг онд нь багтааж дуусгах боломжтой гэж үзэж байгаа аж. Тэрбээр ирэх оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг байхаар, эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг тонн тутамд 5137 ам.доллар байхаар тусгасан гэв.
Энэ нь бодитой тоо гэж үзэж байгаагаа хэллээ. Харин ирэх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулан өндөр үнэтэй 50 суудлын автомашин худалдаж авсан гэдэг яриа гадуур тархаад байгаа тухайд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах зардалд зориулж 2015 оны улсын төсөвт 5 тэрбум, 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан. Суудлын 50 автомашин авах тухай яриа байхгүй. Харин тусгай зориулалтын 5 автомашин авах асуудлыг Гадаад хэргийн сайдын багцад тусгасан, үүнээс өөр төсөв дарамт учруулах ямар нэг асуудал байхгүй гэсэн хариулт өгсөн юм.
Зочин · 2015/10/12
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ХҮНД БАЙСАН Ч СААД БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ДАВАН ТУУЛЖ АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ МАШ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА. УРЬД ӨМНӨХ ШИГ ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙСАН БОЛ АРДЧИЛСАН НАМ МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ ДЭЛХИЙД ГЭРЭЛТҮҮЛЭХ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ГАРЦААГҮЙ ЯЛНА. ШҮХ
Батхүү · 2015/10/12
долларыг галзууруулсан хүн бол монгол банкны эрхэм Золжаргал гэж Золбоогүйзовлонгийн хийсэн ажил хараал идээсэй