Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Базарын Цэдэндамбаа: “Бухал дунд хоноход ямарч буудлын люкс өрөөнөөс тансаг”
2013/07/13
-Та сайхан намаржиж байна уу. Олон жил намрын тариан талбайд сурвалжлага хийж явсан хүнд намар цаг их зүйл бодогдуулдаг байх даа?
-Морин бухал, тариалангийн сүрэл дунд олон хонож явлаа. Ямар ч зочид буудлын люкс өрөөнөөс илүү тансаг даа. Түмэн зүйлийн ургамлыг буриад зоны бухалдсан морин бухлын дэргэд хоноход эм л гэсэн үг. Өвгөн зохиолч 1971 оноос 1992 оны намар хүртэл тариалангийн талбайд явлаа. Эх орны зүүн хязгаараас баруун хязгаар Увсын Баруунтуруун гээд бүх л газраар явсан. Миний нэг онцлог бол гадаадын орнуудын хөдөө аж ахуйн чиглэлийн зохиолтой танилцсан. Тэр чиглэлээр л бичнэ. Хүмүүс “Танай нутгийн нэртэй зохиолч С.Эрдэнэ байхад чи хөдөө аж ахуй гэж бичээд яах вэ” гэдэг байсан. Утга зохиол сонинд байхад С.Бадраа хамт ажиллаж байсан. Тэр хуний ачаар С.Шолохов, В.Шукшины зохиолуудыг их уншсан. Үүний буянд олон зуун нэвтрүүлэг хийгээ биз дээ. Энэ сонгодгууд *чинь тэр чигээрээ хөдөө аж ахуйн чиглэлээр бичсэн байдаг юм. Тэр нь л сонгодог болж үлдэнэ. Би Дорнодын Дашбаларт явж байхдаа галд шатсан хоёр хүнийг эмнэлэгт хүргэж явахдаа эд нар хөдөө аж ахуйгаа мэдэхгүй улмаас буруу харьцаад амиа алдлаа даа гэж бодож явсан.
-С.Эрдэнэ гэснээс та Улаанбаатарт анх ирэхдээ түүнийг дагаж ирсэн гэдэг. Анх Улаанбаатар ямар санагдав?
-1947 оны намар есдүгээр сарын нэгэн болохоос өмнө хичээлдээ ирж байгаа нь тэр. Тэгэхэд Улаанбаатар яаж одоо шиг байх билээ. Миний багийн үзэж харж, явж сууж байсан газар бүгд алга болжээ. Би олон зүйл ярьж байхаар тухайн үеийн Улаанбаатарыг ганц жишээгээр л хэлъе. Тэгээд болоо. Би Улаанбаатарт ирээд ажилчны районд танилындаа байсан юм. Тэгтэл Аж үйлдвэрийн комбинатын дэлгүүрт алим зарлаа. Зарахдаа хоёр хүний дунд нэг алим хувааж өгөх юм биз дээ. Би гэр их оочёр дунд үзэлцэж байж арай гэж алим аваад нэг залуутай хувааж идэж байлаа. Тэр үеийн Улаанбаатар ийм байв даа. Тэгэхэд бид өөрсдөдөө байсан хэчнээн сайхан жимсний талбайгаа устгав даа.
-Тийм жимс хаана ургаж байсан хэрэг вэ. Тэр тусмаа алим байсан хэрэг үү?
-Байсан. Дорнод аймгийн Халх голд манай олон сайхан чадалтай эрдэмтдийн буянаар 40 га-д 16 нэр терлийн жимс, 40 мянган га-д бусад тариа будаа ногоо тариалж байв. Тэнд Калиформид ургадаг хар жимс хүртэл байсан. Тэр 65 мянган самуурай, 18 мянган Монгол цэрэг алтан шарилаа тавьж, 589 онгоц элсэн манханд үнсэн товрог болсон газарт ийм их ажпыг зохион байгуулж байлаа. Нийслэлийн тавдугаар бааз тэр чигээрээ хөдлөөд анхны цастай уралдаж тээвэрлэдэг байсан. Тэр сайхан эрдэмтэд “Халх гол-г” үр гаргаж эх орондоо хүлээлгэж өгсөн. Тэр сайхан тариан талбай, жимсний талбайг үгүй болгосныг хараад нулимс гардагдаа.
-Үүнийг зах зээлийн шуурганд алдчихалгүй байлгаад байж болоогүй юм байх даа?
-Болох л байсан. Чин сэтгэл эрдэм чадлаараа хийсэн бусдынхаа юмыг дарж, үгүй хийдэг нь манай олгорхиудын л явдал. Манай дээдэс дарга нар бол нэгнээ шагнах, магтахаас өөрийг мэдэх биш дээ. Хөдөө гадаа явж, ард түмнийхээ аж амьдралыг мэддэггүй дарга даамалтай улс юм. Бид иймдээ л өөдлөхгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2000 оны сонгуулиар Дорнод аймаг уруу сонгуулийн ажлаар явахад нь би хамт явсан. Бид хоёр зам зуурт тариа будаа, бухлын тухай ярьж явсан тэр мэдэх учиртай. Ерөнхийлөгч маань олон хүүхэдтэй айлын хүү учраас хөх тариагаа тээрэмдэж л байсан юм билээ.
-Та түрүүнээс хойш бухал, бухал гээд байх юм. Энэ талаараа тодруулж яриач?
-Бухал бол хүн төрөлхтний хоол хүнс. Одоо энэ тэрэг техник хөгжиж. тэр хэрээр өвсийг бөөнөөр нь хурааж байна. Энэ нь илжрээд хэнд ч хэрэггүй зүйл болдог. Ерөнхийдөө европ даяар тэрэг техникээс залхаа шив дээ. Гэтэл жинхэнэ бухал бол суурь нь нарийхан, дундуураа бүдүүн, дээшээ шовгор байдаг нь байгалийн ямар ч үзэгдэлд яах ч үгүй гэсэн үг. Энэ бол эм л гэсэн үг. Хүний биеийг эмчилнэ. Тэр бухалд ертөнцийн түмэн зүйлийн ургамал багтсан, үнэр нь анхилж байдаг. Энэ өвс хүний уушигтай хамт амьсгална. Зарим нь уураг тархитай ажиллана. Зарим нь цустай хамт эргэнэ. Энэ бүгдэд 30, 40 хэмийн халуун хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтний нийтлэг зүйл бол хүнс. Ямар ч жанжин дарга, эгэл жирийн нэгэн бай бүгд л хүнсээ л боддог.
-Та бухал хүний биеийг эмчилнэ гэлээ. Би нэг л сайн ухаж ойлгохгүй байна. Тодруулж хэлбэл?
-Тэр түмэн зүйлийн өвснөөс бүрдсэн эрүүл бухлын өвсийг идсэн малыг хүн иддэг юм байгаа биз дээ. Тэгэхээр л эм болно, хүнийг эмчилнэ гэсэн үг. Дорно дахины тогооч нар бол хүнийг хоолоор эмчилж байдаг. Тэд бол хүний хийж өг гэснийг өгдөггүй. Одоо бид тогоочоос тийм хоол гэж нэхдэг. Энэ буруу юм. Зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэнэ гэдэг урт наслана гэсэн үг. Л.Толстой “Бухал бол хүн төрөлхтний уран барилгын нэг” гэж хэлсэн. Одоо хөвчийн буриадууд нийслэлийн цөцгийг хангаж байгаа нь энэ бухлын гавъяа юм.
-Тантай уг нь өөр зүйл ярих ёстой атал хосл хүнсний талаар яриад байна. Тэгэхээр яриагаа өор зүгтхандуулах уу?
-Би зөндөө олон ярьсан зүйлээ ахин давтмааргүй байна. Тэгэхээр үүгээрээ л дуусгая. Ах нь хэрэггүй юм яриагүй гэж бодож байна. Чи бод. Будаа бол Дорнын хоол, төмс бол европ зүгийн юм биз дээ. Гэтэл төмс будааг холиод идэж байна. Энэ бас л буруу. Ер нь Өрнө, Дорно ялгаатай шүү дээ. Одоо өвс ургамлыг нарийн мэддэг нь бараг үгүй дээ.
Судалж л байна. Манайхан 1937 онд энэ сайхан судруудаа бүгдийг устгасан улс. Ахиад л ийм зүйл бүү болоосой гэж бодож сууна даа. Энэ хэлмэгдэл бол олон энгийн иргэдийг хамарсан аймшигт зүйл.
“Төмөр тэргээр явахад
Тив нь эргэсэн шинжтэй байна
Төрсөн нутгаа санахад
Төрөл арилжсан мэт санагдана” тэр л хэлмэгдэлд өртөн хоригдож байсан буриадууд яасан ч их зовж байсан юм бэ дээ. Ямар сайндаа л ийн дуулж байх билээ дээ. Ахин л бүү ийм зүйл бүү болоосой хөгжин дэвжиж яваасай.
-Наадхи дуу чинь үнэнийг хэлсэн бөгөөд ардын дуу л гэмээр юм байна?
-Буриад ардын дуу барга дуунууд хоорондоо адилхан байдаг. Нэг л туургатан юм даа. Манлай ван Дамдинсүрэн баргуудаа дагуулж, Хөлөнбуйр, Гурванзагал гээд нутаглаа юм биз дээ. Би нэг дууны үг хэлье. Одоо буриад үндэстний наадмыг Монголд зохион байгуулна гэж байна. барга үндэстний наадмыг зохион байгуулж байна. Ингэж Монгол туургатнууд угсаатнаа мэдэж, бие биенээсээ суралцаж байгаад их баярлаж сууна.
Зочин · 2017/06/06
Ахмад буурал маань үнэн бөгөөд хатуу сургаал хайрлажээ.Өвөг дээдсээсээ хойч үе суралцах ёстой.Уламжлал хамаг юмаа харь орны зүйлээр сольж байгаа цаг дор хүн бүр ухаарахтун!