​МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Засгийн газар дахь 6 сайдаа татах шийдвэрийг гаргажээ. Мөн УИХ-ын Дэд даргаа ч татахаар болсон байна.

Шалтгаан нь Н.Энхбаярыг зургаа болон долдугаар сард суллана гэсэн “далд” амлалтуудаа биелүүлээгүйтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр хэвлэлийн бага хурлаар хэвлэлийнхэнд өгөх аж. Ер нь бол МАХН-ын Гүйцэтгэх товчоо ийм агуулгатай шийдвэрийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргаж байсан юм. Гүйцэтгэх товчооны хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг хэлэлцээд дөрвөн шийдвэр гаргасан байдаг.
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн үзсэн бөгөөд эл хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгаж байсан. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор улс орон дотор тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байсан. Гэсэн ч талууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ойлголцолд хүрээд байсан. Харин одоо бол сонгууль дууссан. Засгийн тогтвортой байдал ч эргээд ганхчихлаа.