Р.Анхнямын тоглосон "Чонон сүлд" Оскaрт тэнцээгүй нь учиг тайлагдав
2015/10/14
БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ оны эхээр олон улсад нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн зүгээс ч чамгүй үнэлгээ авсан бүтээлийг Оскарт хүртэл нэр дэвшиж буйг дуулгасан. Уг киноны гол дүрийн эмэгтэйг жүжигчин Р.Анхням бүтээсэн гэдгийг уншигч та мэдэж буй.
Тэгвэл Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон хэмээн Хятадын “China Film News” сонинд тухай мэдээлэв. Хятадын кино хороо Оскарын наадмыг зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна. Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсынх нь иргэд голлох үүрэгтэй байдаг аж.
Гэтэл киног бүтээсэн багийн гишүүдийн 90 хувь гадаадын иргэн байжээ. Өөрөөр хэлбэл, найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Дээрх киноны оронд “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик инээдмийн киног дэвшүүлжээ.