Зүүн Африкийн орнууд болон Танзанид албинос буюу нөсөөжилтийн улмаас цагаан арьстай төрөх төрөлт дэлхийн дундажаас өндөр үзүүлэлттэй байдаг.

Негр альбиносчуудын хувьд тус бүс нутагт аж төрөх тун эрсдэлтэй. Нутгийн оршин суугчид ийм хүмүүсийг эрэл хайн хийж, ангуучилдаг гэнэ. Харин баруун орныхон альбинос хүмүүсийг хамгаалах төв байгуулан сургууль, цэцэрлэгт хамруулдаг.

Дэлхийн нийт 20 мянган төрөлтийн нэг нь альбинос байдаг. Танзанид энэ үзүүлэлт 1:1400, Кени болон Бурундид 1:5000 байдаг аж. Африкийн энэ бүсэд альбинос төрөлт яагаад өндөр байдгийг эрдэмтэд одоо болтол тогтоогоогүй байгаа юм.

Генийн өөрчлөлтийн улмаас биеийн бүх хэсэг нь цав цагаан төрсөн хүүхэд Африкийн орнуудад ихээхэн гадуурхагддагаас гадна амь нас нь үргэлж хутганы ирэн дээр байдаг. Учир нь альбино хүний мах нь ДОХ өвчнийг анагаах гол эм болдог гэсэн явган ярианаас үүдэлтэй.

Энэхүү мухар сүсгийн улмаас 2006 оноос хойш Танзанид 71 альбинос амь насаа алдсан байна. Түүнчлэн 31 хүн энэ мэт ярианд итгэсэн ангуучдын гараас мултарч чаджээ. Альбинос хүний элэг, нүд, хэл зэргийг хатаан нууцаар худалддаг бөгөөд 50-100 мянган долларын үнэ хүрдэг гэнэ.


Танзанид энэ мэт бусармаг хэрэг олон гарч байсан бөгөөд альбинос хүний амь насанд хүрсэн этгээдийг 2009 онд анх удаа гэмт хэрэгт татан Танзанийн шүүхээс уг этгээдэд цаазаар авах ял оноож байжээ.



Гэсэн ч альбиносчууд үргэлж эрсдэлтэй орчинд аж төрдөг бөгөөд сүүлийн үед тэдний гар, мөч зэргийг тасдан авах хэрэг олон гарах болжээ. Харин энэ төрлийн гэмт хэрэгтнүүд цаазын ялаас мултарч, 5-8 жилийн ял сонсдог байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Африкийн орнуудад 90 гаруй альбинос хүн гар, хөл зэргээ тасдуулсан бөгөөд үүний улмаас шархаа даалгүй 3 хүн нь амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн байна.

Танзанийн альбинос хүмүүсийн 98 хувь нь 40 хүртэл насалж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ нь бусдын гарт амь насаа алдахаас өөр шалтгаантай. Учир нь энэ төрлийн хүмүүсийн арьс болоод нүд нь нарны туяа хэт мэдрэмтгий аж. Тиймээс 16-18 жил болоход тэдний ихэнх нь хараагүй болсон байдаг. Харин 30 нас хүрэхэд бараг 60 хувь нь арьсны хорт хавдараар өвчилдөг эмзэг мэдрэмтгий хүмүүс юм.