Нийслэлчүүд нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор нэлээдгүй бухимдалтай явах болоод удаж байгаа билээ. Тодруулбал, нийтийн тээврээр зорчихдоо "Цахим карт" буюу "Ухаалаг карт"-ыг хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлага тулгарсан юм. Энэхүү картыг 3600 төгрөгөөр худалдан аваад дансаа мөнгөөр цэнэглэж зорчиж яваа иргэд тун цөөн байсан. Харин өнөөдрийн байдлаар уг картыг уншуулж нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Учир нь "Ухаалаг карт"-гүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэр хэзээ мөдгүй гаргах гэж буйгаа нийслэлийн удирдлагууд, нийслэлийн тээврийн газрынхан мэдэгдсэн.

Гэхдээ уг мэдэгдлийг иргэд өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй. Харин үүний оронд дамжин суулт үнэгүй болгоно гэсэн саналаа ажил хэрэг болгохыг иргэд хүлээж суусан билээ. U-Money картыг анх нэвтрүүлэхэдээ сэлгэн суулт 30 минутад үнэгүй байна хэмээсэн. Гэсэн хэдий ч энэ ажил эхнэээсээ хэрэгжээгүй.

Тэгвэл НИТХ-ын ээлжит бус хуралдаан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Нийслэлээс нийтийн тээврийн нэг цагийн ажлын хөлсийг дөрвөн төрөлд хувааж, дундаж үнэ нь 32 мянга 600 төгрөг байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа "нийслэлээс тавьсан энэхүү ажлын хөлсийн тарифыг хувийн хэвшлийнхэн хүлээн авах боломжгүй гэвэл хамтран ажиллах гэрээгээ цуцлахад бэлэн" гэлээ.

Дамжин суултыг зорчигчид хоёр дахь автобусандаа 30 минутын дотор багтан суувал үнэгүй явна. Харин дараагийн автобусанд суух 30 минутын хугацаа өнгөрч, гурав дахь автобусандаа суухаар болвол үндсэн төлбөр буюу 500 төгрөгийг төлөхөөр боллоо. Хөнгөлөлттэй зорчих иргэдийн тухайд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг харъяаллын дагуу хороогоор дамжуулахаар болж, одоогоор 80 хувьд нь картыг нь тараажээ.

Мөн оюутнуудын хувьд "Боловсролын тухай хууль"-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловсролын газраар дамжуулан өгч эхэлсэн юм. Нийт 98 мянга 500 оюутан хөнгөлөлтийн карт авахаас өнөөдрийн байдлаар 47 мянга 877 оюутан картаа авсан байгаа гэнэ. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд онцлов.

 

Х.Даваа