“Түлэнхийн төв”-ийн барилгын архитекторын төлөвлөлт дуусчээ
2013/07/17
Эрүүл мэндийн яамнаас Түлэнхийн төвийн барилгын ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг 2013 оны наймдугаар сард багтаан барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлэхээр болжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”- ийн барилга ашиглалтын төлөв байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан юм. Тус төвийн зүгээс уг барилгын асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гаргаж байсан. Мөн онд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар салбар эмнэлгийн барилгын асуудлыг хэлэлцэн уг барилгыг буулгаж буурин дээр нь шинээр барих эмнэлгийн барилгын зургийг боловсруулах үүрэг даалгавар өгөгдсөн аж. “Түлэнхийн төв”-ийн барилгын газар олголтын талаар Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсны дараа Эрүүл мэндийн яамнаас мөн оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч тус яамтай гэрээ байгуулан Түлэнхийн төвийн шинээр баригдах барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар барилгын архитектор төлөвлөлт буюу дотор гадна орон зайн төлөвлөлт, өрөө тасалгааны зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бүтэц, дотор цахилгаан, цэвэр бохир ус, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартыг мөрдөн боловсруулжээ. Мөн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадна шугам сүлжээний ажлуудын зарим зураг төсөл хийгдэж, хуучин барилгыг буулгах ажлын төсөв хийгдсэн байна.
Дашрамд тэмдэглэхэд, Гэмтэл согог судлалын үндэсний төв нь анх 1960 онд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дэргэд 20 ортой тасагтай байгуулагдан 1976 оноос бие даасан гэмтлийн эмнэлэг, 1991 оноос клиникийн эмнэлэг, 2006 оны 11 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төв болон өргөжиж байжээ. Тус төвийн салбар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг хуучнаар Гэмтлийн эмнэлэг буюу Түлэгдлийн клиникийн хуучин хоёр давхар тоосгон барилга нь 1957 онд ашиглалтад орсон байна. Энэ барилгыг 1975 оноос гэмтлийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлжээ. 1990 онд төв эмнэлгийн барилга Баянгол дүүрэгт шинээр баригдаж ашиглалтад орсны дараа Түлэгдлийн клиник нь түлэгдэл ба ясны идээт гэмтлийг эмчлэх 150 ортой, 100 гаруй эмч ажиллагсадтайгаар үйл ажил ажиллагаа явуулж байсан байна.
Б.Цэлмэг