Аливаа хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлана гэдэг их үнэ цэнэтэй зүйл. Хариуцлагаа ухамсарласан байхад амжилт, бүтээлийн эхлэл болно. За гэвэл ёогүй хариуцлагатай хүнд хэзээд итгэж, найдаж болно. Ийм хүн гар бие оролцсон бүх зүйлээ чин сэтгэлээсэ хийж чаддаг бөгөөд хамгаас үнэ цэнэтэй хүн байдаг. Тэгэхээр хариуцлага хүлээх эзэнгүй, хариуцлага тооцох дүрэмгүй аль ч газарт ажил урагшлахгүй, уруудан доройтох зам руу орно.

 

Яг ийм нөхцөл манай улсын парламентад үүсээд байна. Үүсээд байна ч гэждээ ер нь их эрт үүссэн, энэ байдал арилахгүй юм. УИХ-ын гишүүд өөрийнх нь хувийн компани болон албан тушаалд нь ээлтэй, ашигтай хууль хэлэлцэх болохоор хуралдаанд сууна. Харин түүнд төдийлөн хэрэг болохгүй, хүүхэд гэр бүлийн тухай хууль, өршөөлийн тухай хууль, ахмадын тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс зэрэг нийтэд ач холбогдолтой хууль хэлэлцвэл ёстой тоож ирэхгүй шүү дээ. Ингээд тэд ирэхгүй болохоор ирц хүрдэггүй, ирц хүрэхгүй учир байнгын хороо болон чуулганы хуралдаан аль нь ч хуралдах боломжгүй болоод хойшилчихож байгаа юм. Нэг ч биш нэлээд хэдэн удаа энэ байдал давтагдсаар хууль гацаанд ордог. Хамаг хуулиа хэлэлцээгүй байж байтал, цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч хаврын ч юм уу, намрын чуулган завсарлах болоод ирэхээр ухаан орсон юм шиг бөөн бөнөөр нь батлаад эсвэл эс батлаад орхино. Судалж, бодолцоогүй нүдээ аниад тийм, үгүй гэдэг кнопоор хувь заяа нь шийдэгдсэн хуульд ямар олиг байхав.

 

Хамгийн ойрын ганцхан жишээг дурдвал УИХ-ын нэр бүхий 24 гишүүний боловсруулан парламентад өргөн барьсан өршөөлийн тухай хууль байна. Уг хууль 2013 оноос хойш хоёр жил дамнан шийдэгдэхгүй хүлээлт үүсгэчихсэн. Шалтгаан нь тун энгийн дээр дурдсан УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй. Хууль санаачлагчидын 2013 онд гаргасан тооцооноос харахад манай улсын хэмжээнд 7000 гаруй хоригдол байгаагийн 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс юм байна. Харин тэдэнд төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардал гаргадаг аж. Тодруулбал нэг ялтанд жилд 200 мянган төгрөгийн хувцас тараахаас гадна тэдний хоолны зардал өндөр гардаг байна.

 

Жишээлбэл 2-3 удаа гар утас хулгайлсан этгээд 10 жил хоригдоод улсын хоолыг 10 жил идэж, хувцаслуулж байгаа тохиолдол олон байгаа аж. Энэ байдлыг халж, хөнгөн ялтай этгээдүүдийг суллаад, төсвийн мөнгө хэмнэх зэрэг олон давуу талтай гэдгийг хууль санаачлагчид тайлбарладаг. Уг хууль ямар ач холбогдолтой болоод, сөрөг талтайг сайтар судалж, хэрхэн шийдвэрлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг бөгөөд эрх мэдэл. Хууль хэрхэхийг нүдээ бүлтийж, чихээ дэлдийтэл хүлээсэн ялтнууд болон тэдний ар гэрийнхэнд хоёр жил гэдэг урт хугацаа.

 

Үнэхээр засардаггүй, хариуцлагагүй гишүүдийг хэрхэх вэ. Өнөө жил манай орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь тэдэнд асуудал биш бололтой. Учир нь энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны нийгэмд төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого ид хэлэлцэгдэж байхад гишүүдийн ирц хүрэлцэхгүй хэвээр л байна. Эсвэл ирцээ бүртгүүлж, картаа шургуулчихаад гараад алга болно. Үнэхээр энэ ажлыг хийх дургүй юм бол яах гэж тэр суудалд байна вэ. Тэд бүхэл бүтэн нэг аймгийн, дүүргийн бүх иргэдийг төлөөлөн тэнд суугаа гэдгээ ер нь мартчихсан байх. Мартуулахгүйн тулд иргэд тойргийнхоо гишүүдийн ирцийг хянадаг, хариуцлага тооцдог системтэй болвол ямар вэ. Хариуцлага, бас дахин хариуцлага. Хариуцлагагүй хүний үйлдлээс бид ямар үр дүн хүлээж, юу бодоод, өөрийгөө төлөөлүүлэн тэнд сулгана вэ.

 

Н.Ганчимэг