НИТХ-ын ээлжит бус хурлаар Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь энэ сарын 7-ны өдрөөс эхлэж мөрдөгдөх юм.

Үүнтэй холбоотой "Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас дамжин иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ анхаарах найман зөвлөгөөг хүргэлээ. Дамжин суулт зөвхөн “U Money” картаар хөнгөлөгдөнө. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах юм байна.

Иргэд зорчигчид та бүхэн дамжин суухдаа дараах хэдэн нөхцөлийг анхаарна уу.

-Автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундын дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.

-Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.

- Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

-Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл гурван хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин гурван хүний юм уу эсвэл нэг хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу хоёр хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.

-Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

-Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

- Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

-Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.