Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.

-Сүүлийн үед Та хаагуур яваад байна вэ. Ордонд ер харагдахгүй юм. Сайдын ажилдаа илүү анхаарал хандуулаад байна уу?

-Тиймээ. Ихэнх цагаа яаман дээр өнгөрүүлж байна. Байнгын хороо, чуулганы хуралдаанаас бусад үед яаман дээрээ ажиллаж байна даа.

-Сайд, УИХ-ын гишүүний ажил хоёрыг зохицуулахад түвэгтэй юу?

-Газар, хэлтэс, агентлагийнхаа ажлын уялдаа холбоог хангаад ажиллаж чадвал түүртэх юм байхгүй ээ. Яаманд сайн мэргэжсэн баг ажиллаж байгаа.

-Засгийн газарт орсноос хойш Таны байр суурь тодорхойгүй болсон юм шиг санагддаг. Сүүлийн үед яагаад дуугүй суугаад байх болов оо?

-“Байр суурь тодорхойгүй” гэдэг чинь ойлгомжгүй сонсогдож байна. Манай намын гишүүд ач холбогдол багатай явган хэрүүлд оролцохоос зайлсхийдэг нь үнэн. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг ерөнхий чиг үүрэгтэйн хувьд БОНХЯ үүнд ихээхэн үүрэгтэй оролцох ёстой гэж ИЗНН үзсэн. Тийм учраас бид Засгийн газарт орсон. Энэ бол бидний байр суурь. Ногоон хөгжлийг тулгуур бодлого болгох, Монгол хүний аюулгүй орчны төлөөх хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх, байгаль орчны хамгаалал, нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргах гэсэн гурван төвшинд яамны бодлогыг тодорхойлж байгаа. Яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор асуудлыг өргөн хүрээнд харж ажиллах шаардлагатай болоод байна.Тиймээс бодлогын баримт бичиг дээр нэлээд сууж ажиллаж байна.

-ИЗНН Засгийн газарт ороод нэлээд удлаа. Ажлын үр дүнгийн талаар Та юу хэлэх вэ. Сайн, муу гэж хэлэх зүйл байна уу. Засгийн газрын үйл ажиллагааг иргэд хүлээн зөвшөөрөхгүй тал байгаа?

-Засгийн газар шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд нэлээд шамдуу ажиллаж байна. Үр дүн нь өнөөдөр шууд мэдрэгдэх гэхээсээ тогтолцооны гажуудлыг засах, бүтээн байгуулалтыг цар хүрээтэй хийх бодлого хэрэгжүүлэх учиртай. Олон түмэн хүлээлт ихтэй байгаа нь үнэн. Манай салбарын хувьд гэхэд л улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, нөөц баялгаа зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулах зорилго тавьсан. Энэ зорилго бүх яамны бод лого той, бүтээн байгуулалттай нягт уялдана. Нэг ёсондоо тогт вор той хөгжлийн үндэс нь байгаль орчинтой зөв харь цахад орши но гэсэн үг. Тодруулбал, байгаль экологийн тэнцвэрийг хадгалсан, хүний аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангасан ногоон хөгжлийн бодлогыг бид хэрэгжүүлэх үүрэгтэй.

-ИЗНН-ын нэрийг гаргах гялалзсан байр суурийг илэрхийлэх цаг болсон гэж боддог, хүлээдэг танай намын гишүүд олон байгаа байх?

-Зөв бодлого боловсруулж, зөв зорилт дэвшүүлээд түүнийхээ хэрэгжилтийн төлөө тууштай явах хэрэгтэй. Ингэж байж л Монгол Улсын хөгжилд, монголчуудын амьдралд ахиц дэвшил гарах болно. Хүмүүсийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлоготой байх нь чухал болохоос түүгээр нь тоглож “гялалзах” гэж оролдох хэрэггүй. Манай намынхан ийм байр суурийг ойлгож, дэмждэг.

-Ер нь ИЗНН байгуулагдаад олон жил болчихлоо. Гэтэл улстөрд эзэлж байгаа байр суурь нь нэлээд сул санагдах юм. Одоогоор УИХ-д хоёрхон төлөөлөлтэй шүү дээ. Энэ талаар Та юу гэж бодож явдаг вэ?

-Сул гэж дүгнэж болохгүй л дээ. Үүнийг УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүн харууллаа. 2000 оны сонгуулиас хойш манай нам парламентад тасралтгүй ажилласан. Энэ удаа суудлынхаа тоог ахиулж чадсан. Тэр ч утгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өөрсдийн “Амьдрал” хөтөлбөрөөс 30 гаруй бодлогын шинжтэй асуудлыг тусгасан. Одоо хэрэгжүүлэх гээд л хамтран зүтгэж байна. Орон нутгийн сонгуулиар нэлээд олон аймаг, сумдад төлөөлөлтэй боллоо. Гэхдээ үүнд санаа амарсан юм биш. Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хариуцлагатай ажиллаж, сайн засаглалыг тогтоохын төлөө бид зүтгэж байна. Улстөрийн намын хувьд гол нь бодлого шүү дээ. Бидний анх нам байгуулахдаа дэвшүүлж байсан зорилтуудыг эргээд нэг хараарай. Бидний бодлого, зорилт, зарчмууд амьдралд хэрэгжээд л явж байгаа шүү.

-Хувийнхаа зүгээс ямар нэгэн дүгнэлт хийж үзэж байсан уу?

-Намын удирдлагын хувьд ажилдаа ямагт дүгнэлт хийж явалгүй яахав. ИЗНН муу, сайн гэхээс илүүтэй Монгол Улсад олон намын тогтолцоог зөв бүрдүүлэх, намууд парламентын төвшинд бодлогоо хэрэгжүүлэхэд сонгуулийн, намын гээд олон эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх шаардлагатай байна. Мэдлэг чадвартай нь бус хөрөнгө чинээ ихтэй нь л эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг гаж тогтолцоог халах оролдлогыг 2008 оны сонгуулиар хийж эхэлсэн гэж үзэж байна. Цаашдаа үүнийг улам бүр гүнзгийрүүлэх хэрэгтэй.

-Ингэхэд Д.Энхбат дарга байгаа юу. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээс хамаарч намын даргадаа хариуцлага тооцох талаар яригдаж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Д.Энхбат намын Их хурлаас сонгогдсон дарга. Их хуралд л тайлангаа тавьж, дүнгээ тавиулна. Д.Энхбат дарга сонгуульд нэр дэвшихээс татгалзсаныг би хүндэтгэж үзсэн. Хувь хүний өөрийн байр суурь, сонголт юм. Нэр дэвших бүрэн боломжтой, сонгогдох магадлал өндөртэй хэрнээ татгалзаж чадаж байгааг нь хүндэлж үзэхээс аргагүй юм.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Танай намаас ямар хүн нэр дэвших бол. Хэвлэлээр Таныг нэр дэвших байх гэсэн байна лээ?

-Парламентад суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бидэнд байгаа. Хэрхэх вэ гэдгийг намын зохих шатны хурлаар гишүүд л шийднэ. Энэ талаар ярихад арай эрт байна. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлгүй бас бодолгүй байгаа.

-Яагаад?

-Би өөрийнхөө бодлыг хэллээ шүү дээ. Хариулт ойлгомжтой гэж санагдаж байна.

-Ер нь Танай намынхан их нуугдмал юм аа. ИЗНН- ын ирээдүйн зорилтыг тодорхойлооч?

-Харин ч их ил тод нам шүү дээ. Манай намын 2000-2008 онд дэвшүүлсэн “3А-3Б” –гийн бодлого өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн гол зүйл болж байна. Хүмүүс амархан мартдаг ч бас санах хэсэг байгаа. Авлига, ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурлын эсрэг бид цогц зорилт дэвшүүлэн нийгмээр хэлэлцүүлж байсан. Манай нам УИХ-д ганц хоёр суудалтай явж ирсэн ч шаардлагатай үед сөрөг хүчний байр суурь эзлэх эсвэл засагт хамтрах зэргээр анхдагч зорилтуудаа ажил хэрэг болгохын төлөө боломж бүрийг ашиглаж ирлээ. Манай намын бүтээлч, боловсролтой, баян чинээлэг Монголыг бий болгохын төлөөх зорилго шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөртэй нийцэж байгаа. Парламентад олонхи болсон нам бусад намын дэвшилтэт бодлогыг дэмжиж, Монгол Улсынхаа хөгж лийн төлөө ажиллах улстөрийн хүсэл зориг гаргаж байгаад нь бид урамтай, баяртай байгаа. Бид нэг л эх оронтой. Түүнийгээ хөгжүүлэхийн төлөө эвтэй, дэгтэй, дэм дэмэндээ явж байж л зорьсондоо хүрнэ.

-Та эмэгтэй гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаа юу?

-Хамтралгүй яахав. Нийтлэг эрх ашгийнхаа төлөө бодлогоо нэгтгээд явж байгаа. Ажил хэрэгч, бүтээлч, боловсролтой эмэгтэйчүүд парламентад олон болж бүлэг үүсгээд явж байгаад маш их баярладаг.

-Байгаль орчин ногоон хөгжлийн яам ирэх жилүүдэд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ногоон үзэлд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ хүрээнд төлөвлөсөн гол гол ажлууд гэвэл “Ногоон соёл иргэншил”-ийн үзэл баримтлал, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн ногоон загварыг аймаг орон нутагт бий болгож эхлэхээр зорьж байна. Нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг, зарим тусгай хамгаалалттай газар нутгийг Дэлхийн байгаль болон соёлын өвд хамруулах судалгаа хийх, түүнчлэн Үндэсний байгаль, соёлын өв нутгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг боловсруулахаар ажиллаж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тавигдах шаардлагыг өндөржүүлж, хөгжлийн төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөнд байгаль орчны стратегийн үнэлгээ хийх ажлыг эхлүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвт рүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник-эдийн засгийн үндэслэлээр ашиг гүй нь тогтоогдсон, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажил луулахгүй байх зарчмыг баримт лан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг шинэчлэн боловсруулах, ашигт малтмал ашиглахыг хориглох, хязгаарлах бүс нутгийн хил хязгаарыг тогтоох, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийх ажлыг зохион байгуулж байна. Нөхөн сэргээгдээгүй орхигдсон газруудад мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүрэн нөхөн сэргээлт хийх арга хэмжээнд цэрэг батлан хамгаалах хүчийг ашиглах, орон нутагтай хамтран зохион байгуулах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийж, биологийн төрөл зүйлийн нөхөн хамгааллын үйл ажиллагааг нэвтрүүлэхээр зорьж байна. Усны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт сав газрын захиргааг байгуулж ажиллуулах, усны нөөцийг ашиглах боломжит нөөцийн хязгаарт багтаан зүй зохистой ашиглах, байгаль дахь усны нөөцийг хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна. Орхон, Сэлэнгэ, Туул гол дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах судалгаанд үндэслэн усны нөөцийн олон зориулалттай цогцолборыг байгуулах дүгнэлт, ТЭЗҮ боловсруулж байна. Орчны бохирдол, хог хаягдлыг буур уулах үйл ажиллагааг дэм жих эдийн засгийн арга механизмыг боловсруулж, хог хаягдлыг бууруулах хөтөлбөрийг боловс руулж хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ дээ. Миний ярьсан эдгээр ажил бол зөвхөн 2013 онд хийгдэх, одоо хийж байгаа зүйлүүд. Мөн энэ жилийг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Хүүхдээс авахуулаад настан буурал хүртэл байгаль эх дэлхийгээ хайрлаж ирсэн монголчуудын тэр соёл мэдлэг, зан үйлийг уламжлуулан сэргээх зорилготой гэж товчхон ойлгож болно. Энэ хүрээнд танин мэдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, хамтран ажиллах, сурталчлах гээд байгаль хамгааллын бүхий л хүрээний ажлууд цогцоороо хийгдэнэ.

 Д.МЯГМАРСҮРЭН