Холливудын хатуухан өрсөлдөөнд хүч үзэж яваа Монгол охин Л.Нямжаргал
2015/11/06
Энэ охиныг Л.Нямжаргал гэдэг. Тэрбээр арван настай байхдаа аав, ээж хоёроо даган АНУ-ыг зорьжээ. Багаасаа кино болон телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгосон аж. “Колумбиа коллеж Холливуд”-ыг дүүргэж одоо “Сони пикчерс”-т ажиллаж байгаа юм.
Оюутан байхдаа 30 орчим богино хэмжээний кино хийжээ. Мөн хоёр киноны зураачаар ажилласан бүтээл нь Каннын наадамд сонгогдон өрсөлдөж байсан гэнэ шүү. Дөнгөж 23 настай хэрнээ дэлхийн одтой хамтран ажиллаж, тэднийг олонд таниулсан алдартай найруулагч, продюсерийн багийн гишүүн болоод амжсан нь түүний авьяасыг илтгэнэ.
Түүний хэлж буйгаар мэргэжлийн сургуулийн хүссэн оюутныг кино компаниуд дадлага хийлгээд байдаггүй. Маш том шалгуур давж байж дадлага хийх эрхтэй болдог гэнэ. Найруулагчийн өндөр шалгуурыг давж чадсан Л.Нямжаргал холливудад эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан байна.
Ингээд Холливудад хөл тавьсан болохоор өөрийн гэсэн кино компани байгуулан ажиллахаар шийджээ. Ийнхүү Холливудын нэр хүндтэй продюсер Патрик Инграмтай хамтран "Монгус пикчерс"ээ байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар холливудад 9000 гаруй кино компани ажиллаж байгаа аж.
Холливудын хатуухан өрсөлдөөнд хүчтэй тоглогч болохоор шийдсэн монголын залуу уран бүтээлч маань "Монголчуудад дутуу зүйл үгүй. Мэдлэгээ дээшлүүлж, олон улсад ашиглаж байгаа стандартыг мэддэг болчиход л хангалттай. Мэдээж Монголын болон Америкийн киноны зах зээл өөр. 300 сая хүнтэй болохоор зарим кино 1-2 жил хүлээлгэж байж дэлгэцээр гарч байхад энд 1-2 сарын дотор л кино хийх хэрэгтэй болдог. Монголын уран бүтээлчид авьяастай" гэлээ.
Мөн "Би ч бас цаашид Монголын уран бүтээлчидтэйгээ хамт АНУ-д кино хийх хүсэлтэй болохоор энэ мөрөөдөл маань биелэхэд ойрхон байгаа гэж итгэдэг. Холливудын дээд түвшинд хүрэхсэн гэсэн мөрөөдөл ч байна. Сайн продюсер болж баг бүрдүүлмээр байна. Кино урлаг бол хамтын бүтээл шүү дээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Д.Ана
Зочин · 2015/11/13
ene sahaltai hogshin nohor ni hedtei be
Ariunaa · 2015/11/06
Uneheer gaihaltai mundag