-Бүгд найрамдах Хятад ард улсаас тусгаар улс болохын төлөөх тэмцэлд  2011 оны 3-р сараас хойш 100 гаруй хүн зулын гол болжээ. Тэдгээрийн дийлэнх нь нас барсан. Тэдгээрээс гадна Түвдийн тусгаар тогтнолын төлөө амь, биеэ үл хайрлан нас барсан цөөнгүй иргэн бий. Тэд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах үеэр буудуулж эсвэл зодуулж амиа алдсан байдаг.  Энэ талаарх баримтыг хэдийгээр Хятадууд  дэлхий нийтээс нуудаг ч өнөөдөр хэдийнээ ил болсон байдаг. -

Хятадууд Түвдийг өөрсдийн нэгэн автономит муж хэмээн дэлхий нийтэд зарлаж  байна. Харин үүнийг Түвдийн ард түмэн эрс эсэргүүцдэг бөгөөд тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж амиа алдсаар байгаа юм.  Тухайлбал 2011 оны 3-р сараас хойш 100 орчим хүн  өөрийгөө зулын гол болгожээ. Тэдгээрийн дийлэнх нь нас барсан бол дөрөв нь хоногоо хүлээж тарчилж байгаа юм байна.  Харин тус улсад болж байгаа жагсаалын үеэр хэчнээн хүн баривчлагдаж хэд нь эрүү шүүлт даахгүй бурхан болсныг хэлэхэд хэцүү. Хятадуудын эрүү шүүлт нь 9 эрүүгээс хүнд болохыг та бүхэн мэдэх бизээ.

Тэд Түвдийн тусгаар тогтнолын төлөө зулын гол болсон иргэдийн зөвхөн нэг хэсэг нь.

Түвд хараат бус улс болохын төлөө удаа дараа тэмцэл явуулдаг ч хэдэн зуугаараа Хятадын цагдаад баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь лам нар. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн иргэдийг Хятадын засгийн газраас эсэргүү, танхай, гэмт хэргийн бүлэглэл зэрэг хэргээр ял оноож, эрүүдэн шүүхийн зэрэгцээ тамладаг байна.  

 

Хамгийн сүүлд гарсан томоохон эсэргүүцэл бол Түвдүүд өнгөрсөн оны 1-р сарын 23-24-нд хэд хэдэн хотод зэрэг хийсэн жагсаал хийсэн бөгөөд  жагсаалыг Хятадын засгийн газраас хүчээр дарсан байх юм.  Ингэхдээ цагдаа нар тэсрэх бодис болон буу ашигласан ажээ.  

Бидэнд хандсан эх сурвалж: Энэ жагсаалын улмаас гурван хүн нас барж, 100 орчим хүн шархадсан. Дийлэнх нь  хүнд гэмтэлтэй. Өөрөөр хэлбэл хятадад цагдаа нар жагсаал хийгчдийн тархин тус газар болон шууд амьсгал хураах амин цэгт нь буудах даалгавартай. Үүгээр ч зогсохгүй жагсаалыг зохион байгуулж, удирдаж байгаа Түвд иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж тэднийг жагсаалын үеэр буудан хороох үүрэг хүлээсэн.  Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа “хар данс”-нд орсон хүмүүсийн дийлэнх нь Түвдийн  улс төрч, зохиолч,  эрдэмтэн гээд сэхээтэн  ард.  Хэрэв жагсаалын үеэр гэмтэж шархадсан бол эмнэлгийн тусламж үзүүлэхийг хориглоод байгаа гэнэ. Тиймээс  Түвдийн  элитүүд өөрөө өөртөө эмч хийж байна. Бидэнд ирсэн мэдээгээр бол Хятадууд Түвдийн  сэхээтэн, элитүүдийг хороож энэ жагсаал цуглааныг  дарах  далд төлөвлөгөө зохиож байна гэсэн.  Бид эрх чөлөөнийхөө төлөө  үхэн үхтлээ тэмцэх болно хэмээн мэдэгдсэн юм.  

 

Олон улсад Түвдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл гарахгүй байгаа бөгөөд энэ нь Хятадын засгийн газраас баримталж байгаа бодлоготой холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл Түвдийн цахим ертөнцийг бүрэн утгаар нь хятадууд хяналтандаа авсан бөгөөд гар утас, үзэх харах гээд бүхнийг нь тагнаж чагнадаг байна. Гэсэн ч Түвдүүд өөрсдийнхөө мэдээллийг дэлхий нийтэд түгээсээр байгаа юм.  


Түвдийн сүмдэд Хятадын цэрэг, цагдаагийнхан байрлах болж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагын баталгаа болсон зураг.



Олон нийтийг турхирсан хэргээр энэхүү залууг толгойгоор нь мөргүүлсэн. Ийм хэрэг нэг өдөрт цөөнгүй удаа Түвдэд гардаг.

Мафи буюу гэмт хэргийн бүлэглэл хэмээн Түвдийн залуусыг бөөнд нь баривчилдаг бөгөөд тэдгээрээс цөөхөн нь л эргэж ирдэг.



Лам нар гэм хийгээгүй ч гэмт хэрэгтэн...

Барууны улс орнуудын хувьд Далай лам болон Дарамсала дахь түвдийн засгийн газрыг дэмжих бодлого явуулдаг ч энэ нь тэдгээрийн Хятадтай харилцах харилцаанд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж болзошгүй учир тэр бүр энэ асуудалд оролцож чадахгүй байна. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, НҮБ болон хүний эрхийн олон улсын байгууллагууд тэмцдэг ч тусыг эс олсон юм. Харин Хятадын хувьд Түвдийг автномит улсаараа байлгаж, эсэргүүцэл бүрийг хүний олон, зэвсгийн давуугаараа ялсаар...

Тэгвэл Хятадууд хэрхэн Түвдийг өөрийн хараат болгосон бэ?

1949 онд Мао Зэдуны удирдсан коммунистууд дотоодын дайнд ялан хятадад эзэн сууж Түвдийн хэрэгт оролцож эхэлсэн байдаг. 1950 онд Түвд дэх Хятадын сюзернийг Британиар зөвшөөрүүлэн 10 сард ардын чөлөөлөх арми Түвдэд цөмрөн Түвдийн байнгын бус армийг бут цохив. 1951 онд 14-р Далай ламын засаг захиргаа Хятадын засгийн газартай Бээжинд хэлэлцээнд орж 17 зүйл бүхий тохиролцоонд хүрч Хятадын засаглалыг зөвшөөрчээ. Ардын чөлөөлөх армийн 20.000 цэрэг байсан хэдий ч де факто тусгаар үеийнх шиг байдал 1959 он хүртэл үргэлжилсэн юм. Хятадуудын газрын шинэтгэл, хамтрал байгуулах явдлыг эсэргүүцэн 1956 онд зүүн Кам, Хөх нуурт бослого гарч баруун Кам, Үй, Цаныг хамрарч 1959 онд Лхасын бослого болон Түвд даяар өрнөн 1962 он хүртэл үргэлжилжээ. 1959 онд Лхас дахь цэргийн үйл ажиллагаа нуран унаснаар зэвсэглэсэн босогчид Балбаруу орж мөн энэ үеэр Далай лам Энэтхэг рүү зугтан гарчээ. Далай лам болон түүнийг дагалдагчдад Энэтхэгийн засгийн газар Америк Британийн улс төрийн шахалтан дор Дарамсалад газар өгснөөр өнөөг хүртэл Түвдийн цөллөгийн засгийн газар тэнд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Балбад гарсан босогчид ихэнхи нь Тагнуулын төв газрын тусгай камп-д бэлтгэгдсэн дайчдаас бүрдсэн 2000 хүнтэй зэвсэгт дайчидтай хагас тусгаар тогтносон Мустангийн хаант улс нэрээр Балбын нутгаас 1969 онд Киссинжэр Хятадад найрсаг санал тавьж 1972 онд ТТГ дэмжлэгээ зогсоож Балбын засгийн газар үйл ажиллагааг нь нураах хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ гэж эх сурвалжид дурьдсан байдаг.

Түвдийн хүн ам өсөөгүй буурсаар

1959 онд Үндэсний статистикийн товчооны мэдээгээр Түвдийн автономи бүс болон Кам, Хөх нуур, Гансюд нийтдээ 6,330,567 Түвд хүн байсан мэдээ байдаг бол 2000 оны тооллогоор хятадад Түвдийн автоном болон Хөх нуур, Сичуан, Юннан, Гансю мужуудад 5,245,347 Түвдүүд тоологдсон байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Түвдийн гайхамшигт өв соёл устан үгүй болох магадлал өндөр байна.

Өнөөдөр Хятадууд автномит улсынхаа иргэнийг аятайхан байсангүй хэмээн амьдаар нь арьсийг нь өвчсөн талаарх мэдээлэл гарч байна.  Маргааш хамгийн харгисаар тамалж байна гэх мэдээлэл гарахыг ч үгүйсгэхгүй.  Өөрөөр хэлбэл тус улсын хүн ам жил ирэх бүр буурч, хятадуудын хэрэглэж байгаа харгис арга нарийссаар байгаа нь Монголчууд та бид нэгийг бодох хэрэгтэйг сануулсаар байна.

А.Баярмаа