УИХ Өршөөл Үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг хүлээн авч баталсан, намын ЕНБДарга, Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсантай холбогдуулан МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийг Засгаас гарах буюу, Засгийн газрыг огцруулахаар ажиллаж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж буй билээ.

 

Гэхдээ МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл бодит байдал дээр хэдийн тарсан бөгөөд нэгдсэн бодлого, үйл ажиллагаа үгүй болж зөвхөн бүлэг гэсэн хууль ёсны нэгж нь л нэр төдий ажиллаж буй аж. Иймээс Засгаас гарах тухай яриа МАХН-ынханд хамаатай юм. Харин Н.Энхбаярын ачаар засаг барилцах боломжтой болсон МҮАН, М.Энхсайхан энэ бүхнийгээ алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой.

 

Хэрэв МАХН-ынхан Засгаас гарах буюу Засгийн газрыг огцруулахад идэвхтэй оролцох аваас М.Энхсайхан "Шударга ёс" эвслийг задлана гэдгээ Н.Энхбаярт илэрхийлжээ. Хэрэв эвсэл задарвал МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг татан буугдаж, намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг эргүүлэн татаж, суларсан квотыг МАН, АН-д хуваан олгох хуультай.

 

Иймээс МАХН-ынхан Засгийг огцруулахаа түр азнаж байна. Гэхдээ Н.Энхбаяр МАН-тай хамтран ажиллах тохиролцоондоо найдлага тавьж буй бөгөөд хэрэв МАН, МАХН-ын эвсэл байгуулагдахаар болвол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар нэгэнт шийдсэн.

 

Ингэвэл нэгэнт олон нийтээс дэмжлэггүй болсон, УИХ-д сонгогдох ямар ч шансгүй М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан \Г.Уянгаас бусад\ ч Н.Энхбаяраас урвасныхаа "хариу"-г авах юм. Өөрөөр хэлбэл Монголын улс төр цаашдаа хэрхэн өрнөх нь МАН,МАХН буюу М.Энхболд, Н.Энхбаяр нарын тохиролцоо, ойлголцлоос шалтгаалах болоод байна.

 

 

Б.Билэгтсайхан