Гамшгийн голомт болгоё
2013/07/22
Яадаг аа алдчихсан газар бас байна аа. Дандаа л араасаа нэхэл дагуул болж байдаг. Хэцүүхэн газар гэж болохоор “Голден парк”-ынхны зовлон их юм. Саяхан гэхэд л үер бууж автомашин урсаж хоорондоо мөргөлдсөн хэрэг гарчээ. “Ямар үйлс нь хазайчихсан байшин бэ” хэмээн хөгшид уулга алдана. Өмнө нь бас цахилгаан шат унаж хүний амь эрсдэх шахсан тохиолдол ч бий. Хөөрхий тэр барилгад хүн суулгах биш аврах ангийн хээрийн сургуулилт хийдэг байр болгомоор ч юм шиг. Асар их туршлага хуримтлуулна даа. Хүн амьдарч байхад нь туршилт явуулж эрсдлийг нь тооцдог болгож өгөөч тэр “Голден парк” хотхоныг. Эсвэл хажууд нь аврах анги, онцгой байдал зэрэг байгууллагуудыг байгуулж өгөх хэрэгтэй ч юм шиг. Ямар хотхон гэхээрээ байнгын гамшгийн голомт болж байдаг байна аа.
Амьдарч байгаа нь ч тэр амьдруулж байгаа нь ч тэр хэцүүхэн юм байна. Тусгай объект болгоод өөрчилчихвөл дажгүй ч юм шиг. Байнга л улсын хараа хяналтад байж халамж хүртэх боломжтой болчих ч юм бил үү. Үерт автлаа, зогсоолгүй, цахилгаан шат уналаа гээд л зовлон мундахгүй юм. Зовлонгийн хороолол гээд зарим хүмүүс нэрлэчихсэн л явж байгаа байх. Хөөрхий оршин суугчид нь байнгын бэлэн байдалтай явдаг байх даа. Хамгаалалтын хувцас хунар гээд л барилгаасаа илүү чанартай амьдарч сурч байгаа байх. Чанартай зүйлсийн хажууд чанарын баталгааг ганцхан “Голден парк” хотхон харуулж байна. Үхчихгүй л бол “Голден парк” хотхонд очиж амьдрах мөрөөдөл тээсэн хүмүүс амьдралын эрсдлийг бүрэн тооцож бас суралцаж байгаа байх. Ядарсан хэдэн монголчуудад ямар ч их зовлон байдаг юм гэж шүүмжлэх хүн бий. Гэхдээ эрсдэлтэй амьдрал сонирхолтой гэж монголчууд ярих дуртай байдаг.
Гамшгийн голомтоос одоогоор нүүсэн айл тун цөөхөн л байгаа юм. Дэлхий сүйрэхэд “Голден парк” хотхоныхон үлдэж магадгүй л юм.
Э.Баясгалан